Балбын вант улсын Лукла нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц замаасаа гажиж нисдэг тэрэг мөргөж гурван хүн амиа алдсан байна. Эверестийн бүсэд орших уулархаг Балба улсад онгоц нисэхэд хангалттай зам талбайгүй учраас эндэхийн нисэх буудлууд аюултайд тооцогддог.
Нисэх буудалд осолдсон онгоцны жолооч болон нисдэг тэрэгний хажууд байсан цагдаагийн хоёр офицер амиа алдсан байна. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй ч эдгээр онгоцууд жуулчдыг тээвэрлэдэг байжээ.
Онгоц осолдох үед цаг агаарын байдал сайн байсан ба ослын дараа нисэх буудал үйл ажиллагаагаа дахин үргэлжлүүлжээ. Хэргийн газарт байсан гэрчийн яриагаар дэлбэрэх чимээ сонсогдож, осолдсон агаарын тээврийн хэрэгслүүдээс гарсан утаа хаа сайгүй тархсан байсан гэжээ.
Лукла нь далайн түвшнээс дээш 2,845 метрт байрладаг. 2008 онд энд газардах гэж байсан онгоц сүйрч Германы 12 жуулчин бүхий 18 зорчигч амиа алджээ. Онгоц хөөрч, буух зурвас маш богино ээдрээтэй учраас энд зөвхөн туршлагатай чадварлаг нисгэгчдийг л ажиллуулдаг байна. Багадаа 100 удаа нислэг хийсэн, жилээс дээш хугацаанд хүнд нөхцөлд ажилласан нисгэгчдийг зөвшөөрдөг аж.
Луклагаас гадна Балбын бусад нисэх буудлууд аюулгүй байдлын чанар стандартыг бүрэн хангаагүйгээс гадаадын жуулчид амиа алдах тохиолдол жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Европын Холбооны зүгээс агаарын орон зайдаа Балбын нислэгийн компаниудыг нислэг үйлдэхийг хориглосон байна.
Эх сурвалж: www.bbc.com