АНУ, Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд импортын татвараа нэмээд удаагүй. Энэ удаад Хятадын армид хориг тавихаар болсныг эх сурвалжууд мэдээллээ. Хятадын армийг Оросын цэргийн онгоц, газраас хөөрдөг пуужингуудыг худалдаж авахгүй байхыг шаардсан байна. Энэ нь Америкийн Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний үргэлжлэл юм. ОХУ Украйны Крымыг нэгтгэснээс хойш АНУ хориг тавьж эхэлсэн. Гэтэл Хятадын Засгийн газар Оросоос Су-35 байлдааны 10 ширхэг онгоц болон С-400 пуужингуудыг худалдаж авсан. Бээжин Москвагийн эсрэг 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа өрнөдийн орнуудын хоригт нэгдээгүй юм.
Крымын хэргээс гадна 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын Засгийн газар хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн гэж буруутгасаар ирсэн. Тиймээс Москвагийн эсрэг хориг арга хэмжээ бол Америкийн дотоодын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гэж Цагаан ордон мэдэгдэж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оросын арми, тагнуулын албатай холбоотой 33 хүнд хориг тавьснаар нийт 72 хүн хар жагсаалтад орсныг мэдэгдлээ.
Хятадын Тоног төхөөрөмжийн хөгжлийн газар болон газрын дарга Ли Шанфу хар жагсаалтад оржээ. Түүний АНУ дахь хөрөнгийг царцааж, Америк иргэдийг хамтран бизнес эрхлэхийг хориглолоо. Харин Тоног төхөөрөмжийн хөгжлийн газрын Америк дахь экспортын зөвшөөрлийг цуцалж, хөөн гаргах шийдвэр гаргасан юм. Москвагийн талаас Америкийн хориг байлдааны онгоцууд ба пуужингуудын худалдаа борлуулалтад нөлөөлж чадахгүй гэж үзэж байна. Учир нь гэрээ хэлэлцээрүүд аль хэдийн хуваарийн дагуу хэрэгжиж байгаа гэжээ. Ази бол Оросын армийн тоног төхөөрөмжийн чухал худалдан авагч бүс нутаг. 2000 оноос хойш Оросын армийн тоног төхөөрөмжийн экспортын 70 хувийг Азийн орнууд эзэлж байна.
Эх сурвалж: www.bbc.com