Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл ирэх сарын 1-нээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт улс төрийн намууд хуралдаж, нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдэх бололтой. Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлох гэнэ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаар шийдвэрлэнэ. Бага хурлаар нөхөн сонгуульд оролцоно гэсэн шийдвэр гаргавал нэр дэвшигчээ тодруулаад явна. Өнгөрсөн намар Бага хурлаас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн шийдвэр гарч байсан. Манай намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн хүн бий. Түүний нэг нь манай намын дарга” гэжээ. Нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болох бөгөөд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн нам, эвслийг хянаж, ирэх сарын 5-ны дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Улмаар шаардлага хангасан нам, эвсэл ирэх сарын 24-28-нд нэр дэвшигчдээ тодруулна.