Өөрийнхөө бодолд бат зогсдог, үснийхээ засалтыг ч өөрчилдөггүй, стиль имиждээ хамгийн үнэнч байдаг хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа “рок попын төмөр хатагтай” эсвэл “янзын эмэгтэй” гэх олны тодотгол байнга дагадаг. Гэсэн ч төмөр хатагтай өөрийгөө хийл хөгжмийн уянгат аялгуутай зүйрлэдэг гэнэ. 1980-аад оны сүүлчээр зохиогдож байсан “Ая дууны жигүүр” эстрадын дууны уралдаанаар одоогийн рок попын ихэнх “акулууд” анх дебют хийж, олонд танигдсан байсны нэг нь Б.Ангирмаа. Удам судар яривал XX зууны нэртэй хөгжмийн зохиолчдын нэг Ч.Балчинжавын отгон охин, хөгжмийн зохиолч Б.Долгионы төрсөн дүү.
Удам дамжсан авьяас түүнд өвлөгдсөн ч дуулахаас илүү ая зохиодог нь их. 100 гаруй дуунд аялгуу хийсэн ч түүнээсээ 10 гаруй дууг өөрөө дуулж олонд хүргэсэн байдаг. Тэрбээр уран бүтээлүүдээсээ “68 он” цомогтоо орсон “Хатуужилт ижий” ээждээ зориулж хийсэн дуундаа хамгийн хайртай гэсэн. Түүний "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоо энэ сарын 28, 29-нд Corporate Concert Hall-д зохион байгуулна.
Түүний олон дуу байдгаас энэ тоглолтонд дурсамж сэргээсэн, бидний хэдийнэ мэдэх танил дуунууд, мөн шинэ уран бүтээлүүд эгшиглэж, өөрийнх нь продюсерласан шавь, дуучин, хамтлагууд тайзнаа цуглан хоёр өдөр дуу хоолойгоо өргөх юм.
Тоглолтыг On'n Off продакшн найруулж буй.