СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эмч Б.Цэцэгээ: Надад хандсан харшилтай хүмүүсийн 80-90 хувь нь эдгэсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Тоостой амбаарт хоёр цаг зогссон биш харшилтай болчихов. Найз нөхдийн харшлаар зовж буй тухай сонсож байснаас биш, өөрөө ингээд тусчихна гэж бодож байсангүй. Лай ланчгийг нь эдэлж эхэллээ дээ. Хамар байнгын битүүрч, цацлага цацахгүй бол онгойхоо болив. Эхнэр маань бага залуудаа харшил туссан ба Б.Цэцэгээ эмч дээр хоёр курс яваад, одоо болтол харшил гээч зүйлээс хол явж байгаа юм. Сурсаар байгаад оллоо. Эхний өдөр эмчилгээгээ хийлгэхээр болтол “Наад хамрын цацлага чинь маш муу эд. Хаячих” гээд хогийн сав заах юм. “Энэ байхгүй бол эмч минь би үхнэ шүү дээ“ гэлээ. “Үхэхгүй ээ, миний хүү, хаячих” гэсээр хаяуллаа. Гэтэл зүү тавиулсан эхний өдөр хамар битүүрсэнгүй, амар тайван хонодог юм даа. Эхний өдрөөсөө л үр дүнг нь мэдэрсэн. Уг нь багадаа хоёр курс явах ёстой юм билээ. Эдгэсэн учраас би дахин яваагүй. Ер нь өөр дээрээ болон эхнэрийнхээ эдгэсэн туршлагаас харахад харшил тусаад удаагүй хүмүүст үр дүн нь илүү сайн нөлөөлөөд байна уу даа гэж бодогдсон. 

-Удам судар, нутаг ус асууж танилцдаг нь монголчуудын заншил. Үүнээс яриагаа эхэлье?

-Өндөр өвөг маань их, бага таван ухаан, монгол бичиг, төвд, зурхай, эмийн ном сайн мэддэг ловон лам байсан гэдэг. Аав маань багадаа дуганд нь цан цохиод сууж байдаг байсан гэж биднийг том болсон хойно дурсаж ярьдаг байсан. Аав маань “Герман Балжир”, “Хүүхдийн Балжир” гэж хүндлэгдсэн хүүхдийн мэс заслын эмч хүн байлаа. Аав маань Монголд хүүхдийн мэс заслын үндсийг тавьсан хүн. Хүүхдийн мэс заслын анхны үзлэгийг хийсэн хүн гэдгээр нь би үргэлж бахархаж явдаг. Анагаахын дундад багшилж байхдаа олон сайхан шавь төрүүлэн гаргасан. Эрдэмтэн, зохиолч С.Оюун, Эрүүл мэндийн сайд асан Д.Нямдаваа, зохиолч, сэтгүүлч Т.Очирхүү нар бол аавын маань шавь. Би Булган аймгийн Тэшиг суманд 1948 оны 12 сард төрсөн. Хантайн бригад тухайн үед сум байсан юм. Намайг төрөхөд аав маань эх барьж авсан гэдэг.

-Тэгэхээр эмч болох нь таны багын мөрөөдөл байжээ дээ?

-Эмч болох нь байтугай, ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй хүүхэд явлаа. Анагаахын дээдэд аав намайг хөтөлж аваачаад оруулж байсан. 1971 онд сургуулиа “ЗСБНХОУ-ын Коммунист намын түүх” гэдэг хичээл дээр л дундтай, бусад нь онц, сайн төгссөн. Төгсөөд 1975 он хүртэл Дархан хотод Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан. Хүнд ажил шүү дээ, эх барих гэдэг. Иймээс 1976 онд хотод орж ирүүтээ Чих, хамар, хоолойн эмч бэлтгэх анхны курсийг төгсөж, эмч болсон. Ажлаа арай хөнгөвчилье гэж санасан юм уу даа. 1980-81 онд хуучнаар Ленинград хотод Хүүхдийн эмчийн дээд сургуульд М.Я.Козлов багшийн удирдлаган дор суралцаж, хүүхдийн хэнгэргийн хальс нөхөх мэс засалчаар мэргэжил дээшлүүлсэн. 1976-86 онд хуучнаар Найрамдлын районы (одоогийн Баянзүрх) хүүхдийн эмнэлгийг шинээр байгуулахад нь хүүхдийн чих, хамар, хоолойн кабинетийг байгуулж ажилласан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 1987-2006 оны хооронд ажиллаж байхдаа 2003 онд чих, хамар, хоолойн “Онон-Ач” хувийн эмнэлгээ байгуулсан. Улсад 32 жил, хувийн салбарт 14 жил ажиллаж дээ.

-Гол яриандаа орьё. Зүүгээр харшил анагаах аргад хэзээнээс суралцаж, эмчилж эхэлсэн бэ?

-“Вестник оториноларингология” гэж чих, хамар, хоолойн мэргэжлийн орос сэтгүүл захиалж уншдаг байлаа. Энэ сэтгүүлээс эмчилгээний олон шинэ арга барилын талаар сурч, мэдэн хэрэгжүүлдэг байсан. Нэгэн дугаараас Москвагийн клиникийн 55-р эмнэлгийн зүүгээр харшил эдгээх туршлагын тухай бичсэнийг олж уншин, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн өвчтөнүүдэд туршсан нь маш амжилттай болж, 2003 оны 5 сарын 20-нд Энэ бол хамрын харшлыг эдгээх маш үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдаад байна. Гэхдээ сүүлийн үед таславчийн мурий (хамар нь мурий.сур)-тай  хүн ч эдгэж байгаа.

Сэтгүүлчийн зүүлт: Өнгөрсөн сараас харшил сэдрэх шинж тэмдэг илэрдэг юм. Унтуулахгүй зовоон, хамар байнгын битүүрч, цацлага мацлагадаа тулаагүй ч ер нь нэгэнт шинж тэмдэг илэрсэн тул хашраас алдахгүй хэмээн Б.Цэцэгээ эмч дээрээ дахин зүү тавиулав аа. Нэг курс явах биш, дор хаяж хоёр курс явмаар юм байна гэсэн хувийн дүгнэлт хийгээд сууж байна даа. Нэг курс нь 80,000 төг тул өндөр үнэд тооцогдохгүй байх.

-Эмчилгээний хувьд хамар дотор зүү тавьж, цэгийг нь цочроож эмчилдэг гэж би бодоод байгаа, зөв үү?

-Хамрын хөндийн мэдрэхүйн цэгт зүү тавьж байгаа юм. Гурван жил яваад бүрэн эдгэрсэн хүн бий. Манайхан ихэвчлэн нэг, хоёр удаа яваад л гайгүй болоод больчихдог. Найм хоног зүү тавиад, 14 хоног завсарлана. Дараа нь зургаа хоног тавьснаар нэг курс болдог. Хүмүүс харшил нь хөдөлсөн хойно ирдэг. Уг нь хөдлөхөөсөө өмнө ирвэл илүү үр дүн гарна гэж хүмүүст хэлдэг дээ.

-Зүү тавиулсан хүмүүст анхаарах ямар зүйлүүд байдаг вэ?

-“Эдгэрнэ, болно” гэж хүн өөрийн сэтгэл зүйг өндөр байлгах нь эмчилгээнд нөлөөлдөг. Мөн, идээ ундаа, явдал мөрөө зохицуулж байх хэрэгтэй. Шар айраг, айраг, халуун ногоо, цуу гэх мэт харшил сэдрээдэг хүнс хэрэглэж болохгүй. Хөдөө гадаа явахдаа шарилж, өнжмөл өвстэй газраар явбал харшил аргагүй хөдөлдөг. Иймээс чийгтэй, гол мөрөн бараадаж явбал сайн. Ингэж л чадвал эдгэрнэ шүү. Насан туршдаа эрүүл байх нь хүнээс өөрөөс нь хамаарна. Олон жил болсон орны матрас хүртэл маш их тоос агуулдгийг хүмүүс мэддэггүй. Эрүүл агаарт тогтмол гарах нь ч харшлын эмчилгээнд үр нөлөөтэй.

-Энэ аргаа шавь нартаа өвлүүлж байна уу?

-Ярилцсанд баярлалаа.

Б.Цэцэгээ эмчийн тухай фейсбүүк дээрээ бичсэн биш, утсыг нь асууж сурсан хүмүүсийн хүсэлтэд даруулсан. Яг тэр үед нь эмч маань хөдөө амралтаар явж таараад, олон хүн адгаж хүлээх шиг болсон. Энэхүү ярилцлагыг уншаад, Б.Цэцэгээ эмчийн хаягийг нь асуух хүмүүст хэлэхэд, Хархорин захын хойно, хуучнаар “Хатанбаатар” эмнэлэгт чих, хамар, хоолойн “Онон-Ач” эмнэлэг байрлаж байгаа. Б.Цэцэгээ эмчийн утас 9976-6320. Хэрэв үүнийг уншигч та бүхний дунд Б.Цэцэгээ эмчээр зүү тавиулаад эдгэсэн хүн байх ахул фейсбүүкт шинээр нээсэн “Б.Цэцэгээ эмч” хуудсанд лайк дарж нэгдээрэй. Эмч маань өдгөө 70 насны сүүдэр зооглож байгаа ч энгэрт нь заавал гялалзах учиртай Алтан гадас ч үгүй юм билээ. Ачтай, буянтай хүндээ энэ гавьяа, шагналыг нь хөөцөлдөхөд бидний нэгдсэн хүч тусыг олох ч юм бил үү.

Д.Төв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.