СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-12

Монголд анх удаа Эрдэнэт үйлдвэр ЭКГ-12К экскаватор ашиглалтад орууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

- Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов - 

ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн зөвлөхөөр ажилласан байна.

ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “ОХУ-ын нэр хүндтэй компанийн ЭКГ-12К экскаваторыг Монгол Улсад анх удаа угсарч өнөөдөр ажилд гаргаж байна. Манай үйлдвэрт ЭКГ маркийн экскаваторууд ажиллаж байсан. Энэ экскаватор бол хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар юм. ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Өмнө нь ажиллаж байсан экскаваторуудаас бүтээмжийн хувьд 20 хувь дээгүүр, цахилгаан зарцуулалтын хувьд 30 хувиар бага, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлыг хангасан системээр бүрэн тоноглогдсон уулын техник юм.

Манай Ил уурхайд өвөл -35 хэм хүрч хүйтрэх тохиолдол бий. Ийм нөхцөлд гидравлик экскаваторуудын хувьд царцах, шланк буудах асуудлууд байдаг. Харин энэ экскаваторт ийм хүндрэл бэрхшээл гарахгүй. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд техник технологио шинэчлэх, хуучирсныг нь солих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Сүүлийн хоёр жилд бид энэ чиглэлээр 151 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралдаанаар 2019 оныхоо зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлууллаа. Энэ жил бид 419 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Эхний ээлжинд зайлшгүй солих тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгох ажлыг хийнэ. Өнөөдөр ашиглалтад оруулсан шиг экскаватор дахин худалдан авах гэрээг бид хийсэн байгаа. Гэрээнд тусгаснаар ирэх 11 сард энэ экскаваторыг нийлүүлэх байсан. Үүнийг экскаватор үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай ярилцаж байгаад ирэх долдугаар сард нийлүүлэхээр тохиролцоод байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Ил уурхайн ажиллах нөхцөл сайжирна. Ил уурхай гүнзгийрэх тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Бид гаргаж буй бүтээгдэхүүнийхээ түвшинг хадгалж, эдийн засгийн хүрсэн түвшингээ бууруулахгүйн тулд цаашид олборлох, боловсруулах хүдрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарна. Энэ ажилд бэлтгэсэн чухал арга хэмжээ өнөөдөр боллоо” гэж онцолсон юм.

Энэ үеэр бид Ил уурхайн экскаваторын жолооч Б.Бямбаатай уулзахад, “Өмнө нь би 15м3 шанаганы багтаамжтай экскаватор дээр ажиллаж байлаа. Өнөөдрөөс ЭКГ-12 маркийн шинэ экскаватор ажиллуулахаар хүлээж аваад байна. Энэ экскаватор ая тухтай, дуу чимээ байхгүй. Бүх эд ангиудыг компьютерээр харах боломжтой. Гадна, дотно орчноо камерын тусламжтайгаар хянах нөхцөлтэйгөөрөө онцлог юм” гэв.

Мөн энэ үеэр ОХУ-ын “Из Картекс” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Ганин Андрей Романович “ЭКГ-12К экскаватор жолоодох Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн машинч, туслахуудад компанийнхаа гарын бэлгийг гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Шинэ экскаватор угсрах ажлыг Ил уурхайн уулын, цахилгаан, засварын ажлын хэсгээс тус тус бүрдсэн 26 ажилтан өөрсдийн хүчээр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Уурхайчид хариуцсан ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ осол авааргүй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа ахиулан, туршлага хуримтлууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” техникийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭКГ-12К экскаватораар ийнхүү бүл нэмснээр хүдэр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх юм. Уурхайчид өнгөрсөн онд 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, амжилттай биелүүлсэн бол энэ жил 31 сая 500 мянган тонн хүдэр боловсруулах том зорилт өмнөө тавин, ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.