Туул голын бургасыг онц ихээр хядаж, Туул голын эрэг дээр барилга барьсан “Зүүнбаян рэйфанери” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр “Монгол ньюс”мэдээллийн төв хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгосон шийдвэр гарсан. Уг “Зүүнбаян рефайнери” ХХК нь хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий гэдгийг хэвлэлүүд онцолсоор байгаа.
Компанийн захирал У.Уламбаяр. У.Уламбаяр болон “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Отгонбаяр (УИХ-ын гишүүн асан), С.Амарсайхан (Ерөнхий захирал асан, одоо нийслэлийн Засаг дарга) нар ах дүүс юм байна.
“Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр
“Сүүлийн үед манай компанийн талаарх мэдээллийг улс төрчид ихээр хийж байна. Мөн Туул голын бургасыг ихээр хядсан, зөвшөөрөлгүй барилга барьсан хэмээн муулж байна. Энэ бүх асуудалд бид тайлбар мэдээлэл хийхээр энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна.
“Зүүнбаян рэйфанери” ХХК анх 2008 оны наймдугаар сард аялал жуулчлалын үйлчилгээ явуулах гэрчилгээг БОАЖЯ-наас авч байсан. Тусгай зөвшөөрөл авсан уг газраа ашиглах зөвшөөрлийг 2014 оноос хөөцөлдөж “Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолборыг барих зураг төслийг боловсруулсан.
Ингээд ашиглах зөвшөөрөл авсан газар дээрээ “А даалгавар” авч, холбогдох техникийн нөхцөл, шаардлагатай бүх бичиг баримтаа хууль журмын дагуу бүрдүүлсэн. Халуун, дулаан, тог цахилгаан, бохирынхоо эскиз зургаа холбогдох байгууллагаар батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа эхэлж байсан.
УИХ-ын гишүүдийн яриад байгаа шиг ямар ч зөвшөөрөлгүйгээр байшин барьчихсан, цемент цутгачихсан зүйл байхгүй. Бид хууль, дүрэм журамд заасны дагуу зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулсан учраас нүүр бардам байсан. Байгаль орчны сайд Д.Оюунхорол манай компанийн тусгай зөвшөөрлийг 2017 оны долдугаар сард цуцлах тушаал гаргасан гэх боловч бидэнд тэр бичгээ өгөөгүй. Тэр цуцласан бичгээ өгөөч гэж Байгаль орчны яамаар гутлынхаа улыг элэгдтэл явж байж бүтэн жилийн дараа олж авч байсан.
Тусгай зөвшөөрөл цуцласан бичгийг нь аваагүй учраас бид бүтэн жилийн турш барилгын ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд бидний үйл ажиллагааг зогсоосон Байгаль орчны сайдын тушаал хууль зөрчсөн гэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Одоо бүх ажил шүүхийн шатанд хянагдаад явж байхад биднийг давхар цагдаагаар шалгуулж эхэллээ.
Сүүлд нь зөвшөөрлөө цуцлах байсан юм бол яах гэж анхнаасаа зөвшөөрөл өгсөн юм. Бидний үйл ажиллагааг харлуулах саатуулах ажлыг тасралтгүй хийж байна. Хотын дарга С.Амарсайхантай яагаад биднийг холбож байгаа вэ гэхээр энэ ажлыг бид нар олон жил хийхээр ярьж төлөвлөж байсан. Тэгээд хотоос холгүй байршил хайж яваад С.Уламбаяр гэдэг хүний “Зүүнбаян рэйфанери” ХХК дөрвөн га газрын аялал жуулчлалын тусгай зөвшөөрөлтэй болохыг олж мэдсэн. Тэр хүн нь миний ахтай цэргийн алба хамт хаасан хүн байсан учраас ахаараа дамжуулан уулзаж байсан. Нэгэнт том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа учраас тухайн компанийн газрын зөвшөөрлийг өөр дээрээ шилжүүлэх гэхэд тусгай хамгаалалттай газарт олгосон газрын эзэмшлийг шилжүүлдэггүй гэсэн. Иймээс “Зүүнбаян рэйфанери” ХХК-ийн нэр дээр төслөө үргэлжлүүлсэн.
Бид барилгын ажлаа эхлэхийн тулд Туул голын бургасыг огтлох шаардлагатай байсан учраас 11 сая төгрөгийг холбогдох байгууллагад нь өгөөд бургасыг шилжүүлсэн. Нийслэлийн байгаль орчны газраас ирж шалгаад байгаль орчныг нөхөн сэргээх төлбөрт 20-оод сая төгрөг авна гэснийг нь өгсөн. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооныхон хэдэн мянган иргэнээс өргөдөл ирлээ гэж худал хэлж, хурал хийгээд тэр хурлынхаа талд нь манайхыг муулж ярьдаг л болсон. Би тэр хуралд чинь орж өөрийнхөө тайлбарыг хийе гэхэд намайг оруулаагүй.
Манай компанитай холбоотой асуудлаар хий хоосон улс төр хийж байгаад харамсаж байна.
Туул голын эрэг дээр 1387 хууль бусаар газар эзэмшигчид байгаа. Тэгэхэд энэ бүхнээс яагаад ганцхан “Зүүнбаян рэйфанери” ХХК-ийг онцлоод дайраад байгаад харамсаж байна.
-Тусгай хамгаалалтад авсан газарт яаж тусгай зөвшөөрөл авч чадав?
-Улсын тусгай хамгаалалттай газарт Туул голоос урдах бүх газар ордог. Ганцхан манайх биш бүгд авсан. Аялал жуулчлалын зориулалтаар Туул голын урд талд БОАЖЯ-наас газар олгодог шүү. “Содмонгол” гэдэг компани бүр бүхэл бүтэн амыг эзэмшиж байна. Зарим хүмүүс орон сууцны зориулалтаар барилга бариад хаяад явчихсан байна. Бүгдийг нь тэгвэл нураачих. Би тэгвэл олон юм ярихгүй.
-Танай компани байгаль орчинд арван гурван тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад яагаад 11 сая төгрөгийн нөхөн төлбөр төлсөн юм?
-Байгаль орчинд учруулсан үнэлгээг нэг ТББ-аар хийлгүүлсэн юм гэсэн. Би тэрийг нь олж хараагүй. Гурван тэрбум төгрөгийн нөхөн төлбөр гаргасан юм гэнэ билээ. Манайд ирж үзээгүй, үнэлгээ хийх зөвшөөрөлгүй ТББ яахаараа ч тийм үнэлгээ тогтоодог юм. Харин цагдаагийн байгууллагаас шинжээч томилоод хэргийн газрын үзлэгийг албан ёсоор хийлгэсэн байдаг юм. Тэр үнэлгээгээр нийт 77 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа.
-Хэдий хэмжээний талбайн бургасыг шудсан юм?
-Нийслэлийн байгаль орчны газраас 6891 мкв талбайн бургасыг огтолсон гэдгийг тогтоосон.
-Зөөвөрлөсөн гэдэг бургасаа хаана тарьсан юм?
-Зөөвөрлөсөн компанийх нь мэдээлэл байгаа. Битгий биднийг загнаад бай. Бид тайлбар хийх гэж ирсэн.
-Та нар аялал жуулчлалын зориулалттай газар дээрээ таун хаус барихаар зураг төслөө гаргасан байна шүү дээ?
-Та нар Хайнан зэрэг газар руу аялсан байх. Тэнд майханд байрладаггүй биз дээ. Бид жуулчид байрлах таун хаусыг барьж байгаа.