Б.ТУУЛ
Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” буюу бидний ярьж заншсан “Миссийн тэмцээн” 15 дахь жилдээ ӨМӨЗО-ы Манжуур хотод болсон билээ. “Манжуурын мисс-2018″ тэмцээний тэргүүн мисс Г.Содгэрэлтэй ярилцлаа.
-Монгол, Орос, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсанд баяртай байна. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтран зохион байгуулсан “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Гоо бүсгүйн тэмцээн нь “Эрүүл, үзэсгэлэн, энхтайван, найрамдал” гэсэн уриан дор зохион байгуулагдсан. Гурван орны хэл, соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд Монголоос 15, ОХУ-аас 15, БНХАУ-аас 30 бүсгүй нийт 60 гоо бүсгүй оролцож, өөр хоорондоо оюун ухаан, гоо сайхан, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн.
-Тэмцээн хэдэн үе шаттай зохион байгуулагдсан бэ?
-Эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан. Дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа гэсэн төрлөөр өрсөлдсөн. Ерөнхийдөө тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдсан.
-Энэ тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв. Гурван улсын “Гоо сайхны элч”-ээр шалгарна гэдэг мэдээж том амжилт. Багагүй хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан байх?
-Мэдээж, энэ тэмцээнд амжилттай оролцоно гэсэн итгэл дүүрэн байсан. Учир нь Монгол Улсаас оролцож буй баг бүрэлдэхүүн маань энэ тэмцээнд зориулж бүтэн 2-3 сарын бэлтгэл хийсэн. Тиймээс энэ амжилт дан ганц миний хичээл зүтгэлээр олдоогүй юм. Манай баг хамт олны, тэр дундаа “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын хамт олон, “Ариунгоо үжин” ТББ, багш нар гээд олон хүний хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн шингэсэн шагнал юм. Монгол Улсаа төлөөлөн ирж оролцсон 14 гоо охидын маань тус дэм их бий.
-Монголоос ирсэн охид маань багаараа шагнал хүртсэнд сэтгэл ихэд хөдөлж байлаа?
-Монголоос ирсэн баг хамт олон маань энэ тэмцээнд оролцогчдоос дотоод зохион байгуулалт, гадаад үзэмж, хувцаслалт, алхаа гишгээний техник, сэтгэл санааны өөдрөг байдал гээд олон зүйлээрээ ялгарч чадсан. Тиймээс сэтгэл үнэхээр өндөр байна.
-Г.Содгэрэл аль нутаг усных вэ. Сүүлийн үед анзаарч байхад гоо сайхан, миссийн тэмцээнд загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүйчүүд их оролцдог болсон байна лээ. Таны хувьд аль нэг загварын агентлагт харьяалагддаг уу?
-Би Эрдэнэт хотын хүүхэд. 2011 оноос Эрдэнэт хотын “Хүүхдийн ордон”-д загвар өмсөж эхэлсэн. Тухайн үед зохиогдож байсан “Miss Mongolia” тэмцээнийг үзээд анх мисс болохыг мөрөөдөж байсан. Тэгээд 2011 онд Эрдэнэт хотын Хүүхдийн ордон байгуулагдахад “Загвар өмсөгч хөгжлийн хөтөлбөр” дугуйланд хамгийн эхэнд бүртгүүлж байсан. Гэр бүлийнхэн маань ч надад гоо зүйн мэдлэг эзэмшүүлэхийн тулд энэ сургалтад хамруулсан. Анх загварын дугуйланд явахдаа 11 настай байсан. Түүнээс хойш долоон жил загвар өмсөх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөөд явж байна.
-“Манжуурын мисс” тэмцээнд оролцох саналыг анх хэн тавьсан бэ. Тэмцээний шилдэг 10 гоо бүсгүйд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охидын зургаа нь шилдгээр шалгарсанд үзэгчид их баяртай хүлээж авч байсан?
-Би “Шилмэл загвар”-ын агентлагт өмнө нь харьяалалтай ажиллаж байсан учраас тус агентлагаас надад энэ тэмцээнд оролцох урилгыг илгээсэн. Энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлээд хоёр сар болсон. Шилдэг 10 моделийн шагналын зургааг нь Монгол Улс хүртсэнд баяртай байна. Энэ тэмцээнийг үнэхээр шударга шүүдэг юм байна. Бидний авсан оноог өдөр бүр, шударгаар ил тод тавьж байсан учраас энэ тэмцээний үр дүнд илүү нөлөөлсөн байх гэж бодож байна. Бид өнгөрсөн аравдугаар сараас эхлээд бэлтгэл хийсэн гэж бодохоор 2-3 сарын бэлтгэл хийж оролцсон.
-Тэмцээнээс харахад, манай охид авьяасын төрөл, алхаа гишгээний техник, хувийн зохион байгуулалт, үндэсний хувцаслалт, биеийн хөгжил гээд олон зүйлээрээ бусдаас илт давуу ялгарч харагдаж байсан. Энэ бүхэн сайн бэлтгэл хийсний хүч байх?
-Тэгэлгүй яахав. Баярлаж талархснаа илэрхийлэх хүн олон байна. Ангийн багшдаа болон сургуулийнхаа захиралдаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Мөн аав ээж, өвөө эмээдээ охиноо дэмжиж тусалсанд их баярлалаа гэж хэлье. Түүнчлэн энэ бүх хугацаанд биднийг өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын захирал Н.Батсуурь ахдаа бас баярлаж байна. “Ариунгоо үжин” ТББ-ын тэргүүн Б.Ханд эгчдээ бас үнэхээр талархаж байна.
-Өмнө нь та энэ төрлийн өөр тэмцээнд оролцож байсан уу. Ямар амжилт үзүүлж байв?
-2017 онд Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулсан “Miss tourism queen of the year international” тэмцээнд оролцож, “ТОП-5” охины дөрөвдүгээр байрт шалгарч байсан. “Miss elegance” гэсэн шагнал хүртэж байсан. Үүний дараа “Манжуурын мисс”-т оролцоод “Тэргүүн байр”-ын шагналыг хүртээд байна. Алхам алхмаар гэдэг шиг өөрийгөө олон зүйлд сорихыг хичээж байна.
-Таныг сэтгүүлч мэргэжлээр суралцдаг гэж сонссон. Аль сургуулийн оюутан бэ. Яагаад заавал сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцах болов. Мөн тэмцээн уралдаанд оролцоход сургууль болон анги хамт олны дэмжлэг хэр байсан бэ?
– Би “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд суралцдаг. “Сэтгүүлч-Нэвтрүүлэгч” гэсэн хосолсон мэргэжлээр суралцдаг. Би сэтгүүлч гэхээсээ илүү нэвтрүүлэгч болохыг хүсдэг. Мөн бага ангиасаа утга уран зохиол яруу найраг, монгол хэлний хичээлээ илүү сонирхдог байсан. Тиймээс сэтгүүлч, нэвтрүүлэгч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэмцээнд оролцох гээд хичээлээсээ гурван сарын чөлөө авч байсан. Оюутан хүнд гурван сарын чөлөө авна гэдэг мэдээж хүнд. Хичээлээ нөхөх, үндсэн хичээл гэхчилэн хийх хичээл их бий. Тиймээс энэ бүх хугацаанд намайг дэмжиж тусалсан анги хамт олон, найз нөхөд, багш нар, гэр бүлийнхэн гээд тусалж дэмжсэн бүх хүнд дахин “Баярлалаа” гэж хэлмээр байна.
2019.4.12 № 75 (6042)