Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 0-19 насны хүүхдэд осол гэмтлийн шалтгаанд өвчлөл 52257 тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч П.Баярсайханаас тодруулсан юм.
-Ямар шалтгаанаар хүүхдүүд осол гэмтэлд өртөж байна вэ?
-Осол гэмтлээр 1-4 хүртэлх насныхан буюу нийт осол гэмтлийн 30.9 хувийг эзэлж байна. Гэмтсэн хүүхдүүдийн 62.2 хувь нь эрэгтэй байгаа нь осол гэмтлийн өвчлөлд эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс 1.6 дахин их өртөж байна. Осолд өртөж байгаа хүүхдүүдийн 47.1 хувийг уналт эзэлж байна. Мөн зам тээврийн осол 10.8 хувийг эзэлж байна.
-Зам тээврийн ослоор жилд бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүд нас барж байна хэмээн ЭМЯ-наас танилцуулсан. Зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт архидалт, хоёрдугаарт ухамсартай холбоотой байгаа юм. Архи, дарсыг бага гэлтгүй уучихаад автомашинаа барихдаа ардаа хүүхдээ, гэр бүлээ суулган зам тээврийн осолд орсноор гэр бүлийнхээ хэн нэгнийг алдах, насан туршдаа тахир дутуу болох тохиолдол байна. Өнөөдөр инээгээд явж байгаа хүүхэд маргааш зам тээврийн осолд өртөхийг үгүйсгэхгүй. Тийм учраас ард иргэд, аж ахуйн нэгжүүд автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг ханган, хүүхдээ зориулалтын суудалд нь суулган, аюулгүй бүсийг зүүлгэж хэвших хэрэгтэй.
1-4 хүртэлх насны хүүхдүүдийн осол гэмтэл буурахгүй байна
Хурдаа хэтрүүлэхгүй, хүүхдээ зориулалтын суудалд суулган, бүсийг нь зүүгээд замын хөдөлгөөнд оролцоод явж байхад хүртэл согтуу жолооч хажуунаас нь ирээд мөргөх тохиолдол байна. Автомашины ард суусан бол хүн бүрийн амь амьдралыг хариуцлагатайгаар ухамсарлан замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй.
-Осол гэмтлийн тал хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. Эцэг, эхчүүдийн хараа хяналт муу байна гэсэн үг үү?
-Яг тийм. Улаанбаатар хотод осол гэмтлийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлд амьдардаг хүүхдүүд хөдөө амьдардаг хүүхдүүдийг бодвол осол гэмтэлд өртөх эрсдэл зургаа дахин их байна. Урин дулаан цагт автомашины люк, цонхийг онгойлгон хүүхдүүд гар, хөлөө, толгойгоо гарган явахад сайхан байгаа юм шиг хэрнээ энэ нь ямар нэгэн хэмжээгээр амь насаа алдах эрсдэлтэй бүлэгт орж байгаа юм. Мөн зугаалгаар явах үедээ бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж голд живэх, могой, шавжид хатгуулах зэрэг тохиолдол зуны улиралд буурдаггүй.
Гэмтсэн хүүхдүүдийн 62.2 хувь нь эрэгтэй байгаа нь осол гэмтлийн өвчлөлд эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс 1.6 дахин их өртөж байна
-Жил болгон дээрх асуудлаар эмнэлгийн байгууллага ярьдаг. Гэвч иргэд үүнийг анхаарахгүй байна уу?
-Ах, дүү хамаатан садангийн хэн нэг нь осол гэмтэлд өртсөн тохиолдсон үед арай илүү анхаарал сэрэмжтэй байдаг. Тохиолдоогүй хүмүүс анхаарал сэрэмж муу байснаас бага насны хүүхэд унаж, бэртэх тохиолдол буурахгүй байна.
Хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүйгээс автомашины ослын үеэр цонхоор шидэгдэх тохиолдол их байна
-Таны хувьд халуун цэг дээр ажилладаг. Осолд орсон хүүхдүүдийн дийлэнх нь ямар бэртэл авсан байдаг вэ?
-Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, суудлын бүс заавал зүүлгэж байх хэрэгтэйг сануулж хэлмээр байна. Тэгээгүйн улмаас автомашины цонх, люкээр шидэгдэх, машиндаа дарагддаг. Ялангуяа 0-5 насны хүүхдийг эцэг, эхчүүд автомашинд тээвэрлэж явахдаа өвөр дээрээ суулгадаг. Гэвч автомашины осол болоход хүүхэд цонхоор шидэгдэх, толгойгоо хүчтэй цохиж гэмтээх тохиолдол байдаг. Түүнчлэн анхаарал болгоомжгүйн улмаас бага насны хүүхдүүд өндрөөс унах тохиолдол буурахгүй байна. ГССҮТ-д ирсэн хүүхдүүдийн 24.4 хувь нь толгой, хүзүүний гэмтлээр оношлогдсон бол 33.8 хувь нь дээд мөчдийн гэмтэл, 22.6 хувь нь доод мөчдийн гэмтэл авсан байдаг.