- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2018 онд АНЭУ-д айлчлахдаа Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ буюу "Дубайн гэрээ"-г байгуулж байсан. Гэвч уг гэрээ монголын талд ашиггүй гэрээ болсон гэж үзсэн учраас УИХ-аас ажлын хэсэг гарган өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн юм. Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлтээр Дубайн гэрээг шаардлагатай тохиолдолд цуцлах шаардлагатай гэж үзжээ -
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтэд хяналт тавих, гэрээг эргэн харах үүрэг чиглэлтэй ажлын хэсгийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга томилогджээ. Таван дэд ажлын хэсэг, дөрвөн нам, эрдэм шинжилгээний байгууллага, ахмадуудын төлөөлөл уг ажлын хэсэгт орсон ажээ.
Ажлын хэсэг урьдчилсан дүгнэлтээ 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр танилцуулсан байна. Харин 2019 оны гуравдугаар сарын 20-нд ажлын хэсэг эцсийн санал, дүгнэлт, тайлангаа гаргаж УИХ-ын даргад танилцуулжээ.
Гуравдугаар сарын 21-нд ҮАБЗ-д хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш ямар ч мэдээлэл аваагүй аж. Өөрөөр хэлбэл Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт ҮАБЗ буюу төрийн гурван өндөрлөг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд/-ийн гарт очоод "таг чиг" болжээ. Ажлын хэсгийн дүгнэлтэд олон ноцтой зөрчил байгаа учраас шууд ил гаргаж тавьж болохгүй олон нөхцөл шалтгаан бий гэж зарим эх сурвалж хэлж байна. Хэрэв далд хийгдсэн ноцтой заалтуудыг олон нийтэд ил гаргаж орхивол араас нь үүсэх нийгмийн бухимдлыг хэрхэн зохицуулах аргаа олоогүй байгаа гэж ойлгогдохоор...
Ажлын хэсгийн дүгнэлт гарсантай холбогдуулан олон нийт болон зарим улс төрчид ажлын хэсгийн гишүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийлж эхэлжээ. Мөн улс төрийн намууд ч байр сууриа хэлж байна. Ардчилсан нам Оюутолгойн гэрээг шалгах асуудлаар дотооддоо Ажлын хэсэг байгуулахаа хэлчихсэн
Ерөнхий сайдаар ажиллаж байсан гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэн энэ гэрээний талаар 2013 онд
"Одоогийн байгаа Хөрөнгө оруулалтын гэрээгээ уян, хатан, хоёр талд ашигтайгаар хийгээд хэн хэн нь нэр төртэйгээр энэ байдлаас гаръя гэвэл боломжтой. “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийнхан энэ хугацаанд багагүй лобби хийлээ. Монголын татварын, Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлүүллээ. Гадныхан энэ шударга бус гэрээний хор уршгийг өөрсдөө ойлгох ёстой. Хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь эсрэг эргүүлэх, манайхтай тэмцэл бий болгох санаагүй л байлгүй. Тиймээс гэрээнд зохих өөрчлөлт оруулах ёстой" гэх байр суурийг илэрхийлж байжээ.
Гавьяат хуульч Ц.Шаравдорж 2018 онд
"Оюутолгойн гэрээнд одоо хүртэл нууцалсан зүйл их байгаа. Тэр бүхнийг эргэн харж, хамгийн шударга дүгнэлтийг гаргаасай. Түүнээс биш ая тал зассан болоод нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр цааш нь явуулъя гэсэн байдлаар хандвал Монголын ард түмэн хохирсоор л байх болно. Нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл дахиад л цаг хожино. Тэгэхээр энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай" гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
Ажлын хэсгийн дэд ахлагч Д.Тэрбишдавга "Дубайн гэрээ бол гэрээ нэртэй төлөвлөгөө юм билээ. Оюутолгойн гэрээг өөрчилснөөр, сайжруулснаар, буцааснаар хөрөнгө оруулагчийг хөөгөөд явуулах эсэх тухай ярихад эрт байна. Шийдвэр албан ёсоор гараагүй. Бид ажлын хэсгийн дүгнэлт дээрээ таван дэд ажлын хэсгийн дүгнэлтийг нэмээд, УИХ-ын гишүүдийн саналаас тусгаад л дүгнэлтээ гаргасан.
Дүгнэлт дээр
- Оюутолгойн гэрээг сайжруулах
- Дубайн гэрээг онцгой шаардлага гарвал цуцлах
- Хөрөнгө оруулагчдын гэрээ ямар болсон
- Хувь нийлүүлэгчдийн гэрээ ямар болсон
- Дахин шинэчилсэн гэрээ ямар болсон
- "Дубай" нэртэй төлөвлөгөө ямар болсон
- Гадаад болон монгол хүмүүсийн авч байгаа цалингийн зөрүүтэй байдал яагаад үүссэн гэх мэтээр засч сайжруулах олон асуудлыг шалгаад, яаж засч болохоор байна, ямар нь давуу тал болж байна гэдгийг тусгасан.
Энэ бол маш том материал болсон гэж бодож байна. Бид нэлээн чамбай сууж ажилласан" гэсэн юм.
Бид уг ажлын хэсэгт орж ажилласан гишүүдээс ээлжит мэдээллийг бэлтгэн цувралаар хүргэх болно.
Ажлын хэсгийн ахлагчийн ярилцлагыг дараах бичлэгээс хүлээн авч үзнэ үү.