Багш нарын 7-р их хурал өнөөдөр төрийн ордонд эхэллээ. Багш нарын их хуралд хот хөдөөгийн 800 багш оролцож байна. Хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, хууль эрхзүйн орчин, багш нарын ёсзүй зэрэг олон асуудлыг хэлэлцэж байна. Бид багш нарын их хуралд Дархан-Уул аймгаас ирж оролцож буй Д.Амгалан багшаас багшлах боловсон хүчний тал дээр ямар өөрчлөлт, шинэлчлэлт хэрэгтэй байгааг тодруулсан юм.
Д.Амгалан:
Дээд сургуулийн багшлах боловсон хүчний чадамжийг сайжруулах асуудал орхигдсон. Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлыг ярихын тулд зөвхөн цалин яриад шийдчих асуудал биш. Төрийн маш том бодлогоор шийдэх ёстой. Тэр тусмаа багшийн сургуулиудын багш нарын чанар, чадавхид өөрчлөлт хийх, хөтөлбөрийг нь шинэчилж өөрчлөх шаардлагатай. Тэр дундаа орон нутагт байгаа багшийн сургуулиудын чадамжийг сайжруулах хэрэгтэй. Үүнд төрийн сургуулиуд хамтарч оролцох нь зүйтэй.
Маш чанаргүй боловсон хүчнүүд бэлтгэгдэж гараад байна гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ. Шалтгааныг нь та юу гэж харж байна?
- Гурван зүйл байна. Нэгдүгээрт элсэлт. Өөрөөр хэлбэл, ЭЕШ өгсөн хүүхдүүдээс нэлээд доогуур оноотой хүүхдүүд багш бэлтгэдэг сургуульд элсч байна. Энэ нь багш бэлтгэх үйл явцыг хүндрүүлж байна.
Хоёрдугаарт, шинээр бэлтгэгдэж гарсан багш нарыг мэргэжлийн ажилд нь дур сонирхолтой болгох нь маш чухал. Түүний цаана багш хүүхдийг хайрладаг, хүүхдэд өгч байгаа мэдлэгээ сайжруулах гэж үргэлж мэрийдэг болдог. Тиймээс энэ асуудлыг багш бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт тусгаж өгөх ёстой.
Гуравдугаарт, төгсөх курсын оюутнуудад, ялангуяа багш бэлтгэж байгаа сургуулийн оюутнуудад төгсөж очоод хэрэглэх материалыг нь бус шал өөр дээд тоо гэх мэт хичээлүүд ороод төгсгөчихдөг. Гэтэл шинээр төгсч очсон багш нь өгүүлбэртэй бодлогоо ч бодож чадахгүй байна шүү дээ. Тиймээс багш бэлддэг сургуулиудын оюутнуудыг шинээр гарсан хөтөлбөр, сурах бичигт байгаа материалууд дээр ажиллаж сургах хэрэгтэй юм.