Өмнөд Солонгос улс 66 жилийн турш хориглосон үр хөндөлтийг хуулиараа хүлээн зөвшөөрдөг болно. Тус улсын Үндсэн хуулийн зөвлөл үр хөндөлтийн эсрэг хатуу чанга хууль дүрмийг 2020 он гэхэд халах шийдвэрийг гаргажээ.
Үндсэн хуулийн зөвлөлийн есөн шүүгчийн долоо нь үр хөндүүлэхийг албадан хорих нь үндсэн хуулинд үл нийцнэ гэдэгтэй санал нэгдсэн байна. Хууль тогтоогчид 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хуулийг эргэн сөхөж, нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх аж. Хэдийгээр ирэх жилээс БНСУ-ын эмэгтэйчүүд үр хөндүүлэх эсэхээ хуулийн дагуу өөрсдийн хүсэлтээр сонгох ч 20 долоо хоногоос дээш жирэмслэлтийг таслах эрхгүй хэвээр үлдээх юм.
Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Өмнөд Солонгос улсад хууль зөрчин үр хөндүүлсэн тохиолдолд жил хүртэл хугацаанд ял эдлэх, хоёр сая вон хүртэл мөнгөн торгууль оноодог байсан. Харин нууцаар үр хөндсөн эмнэлгийн ажилтнуудыг хоёр жил хүртэл хорьж саатуулах заалт бий.
Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээлэнгийн энэ жилийн судалгаагаар 15-44 настай эмэгтэйчүүдийн ¾ нь хуулийн заалтыг шударга биш гэж үзжээ. Тус улсад жилд 50,000 эмэгтэй нууцаар үр хөндүүлж, зарим нь хуулийн өмнө хариуцлага хүлээсээр байгаа аж. 1953 оноос хойш хүчирхийлэлд өртсөн, цус ойртсон болон генийн гажигтай үед л үр хөндөхийг зөвшөөрдөг болсон юм.
Эх сурвалж: www.cnn.com