Америкийн телевизийн од Ким Кардашиан Уэст мэргэжлээ сольж эрүүгийн эрх зүйн хуульч болохоор шийджээ. Реалити шоуны од өнгөрсөн жилийн зун Сан Франциско дахь хуулийн фирмэд дөрвөн жилийн сургалтын хөтөлбөрт бүртгүүлсэн байна. Ирэх 2022 онд Кардашиан шалгалтаа өгч сургуулиа төгсөхөөр төлөвлөжээ.
Тэрээр 1996 оноос хойш хүчирхийллийн бус мансууруулах бодисын хэргээр Алабамад хоригдож байгаа 63 настай Алис Мари Жонсонг суллуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Кардашиан Цагаан ордонд зочилж Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, эцэст нь Мари Жонсонд өршөөл үзүүлжээ.
Реалити шоуны од Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “би хуулийн сургуульд орох талаараа маш удаан нухацтай бодсон. Цагаан ордноос намайг дуудахад Рузвельтын өрөөнд маш хүчирхэг хүмүүстэй хамт сууж байхдаа илүү ихийг мэдэх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Би хүний эрхийг хамгаалмаар байна, яагаад шударга бус байдаг юм бэ” хэмээн ярьсан байна.
Ким Кардашиан аливаа өмгөөлөл, шүүх баг бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг ойлгосон бөгөөд зарим шударга бус тогтолцоог өөрчлөхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгээ ухаарсан хэмээн үргэлжлүүлэн хэлжээ. Түүний аав Роберт Кардашиан OJ Simpson-ын өмгөөллийн багт байсан юм. Энэ талаар дурсахдаа амралтын өдрүүдэд тэдний гэр ажлын газар шиг л байдаг, аав нь маш том номын сантай байсан зэргийг дурсан ярьжээ.
Хуульч Жессика Жэксон, Эрин Хэни нар долоо хоногт 18 цагийн турш хатагтай Уэстэд хуулийн хичээл заадаг байна. Эхний жилд эрүүгийн хууль, иргэний эрхийн зөрчлийн хууль, гэрээ хэлцлийн талаар хичээл судлахад хамгийн адармаатай иргэний эрхийн зөрчлийн тухай байсан бол гэрээ хэлцлийн талаар судлахад уйтгартай, эрүүгийн гэмт хэрэг унтмаар санагддаг байсан гэж Vogue-т өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэсэн ч эхний шалгалтаа 100 оноотой өгөхөд тун хялбархан санагдаж, ном уншиж цагийг илүү үр бүтээлтэй өнгөрөөж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com