Б.Дэмбэрэл:
- БЗД дээр Сангийн яамнаас шалгалт хийсэн. Шалгалтаар 12 удаагийн үйлдлээр төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Зөвхөн 2015 онд хийсэн аудитаар 1,5 тэрбумын зөрчил илэрсэн байдаг. Ингээд зөрчлөө арилга гэсэн үүрэг даалгавар өгөхөд дараа жил нь бүр нэмэгдээд 5,5 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан байдаг.
Нийслэл, Засгийн газар дээр төсвийг яаж хэмнэх вэ, гэдгийг ярьж байхад сум, дүүрэг дээр төсвийн мөнгийг дур зоргоороо, хууль бус зарцуулдаг асуудал их бий.
БЗД-т байрлах АСЕМ Вилла хороолол бохироо Туул гол руу урсгаж байсан мэдээллийг анх та МХГ-т өгсөн байдаг. Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?
- Мэргэжлийн хяналтын газраас таван сая төгрөгөөр, Богд уулын дархан цаазат газрын захиргаанаас мөн таван сая төгрөгөөр торгосон. Дээр нь хальж асгарсан бохир шавар, мөсөө Богд уулын дархан цаазат газарт хаясан үйлдэл дээр нь 300 мянган төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Одоо зөрчлийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Ер нь байгаль орчин, ундны усны эх үүсвэр бохирдуулсан ноцтой зөрчил учраас эрүүгийн хэрэг ч үүсэх боломжтой гэж харж байгаа юм. Хуулинд ч тийм зохицуулалт нь байдаг. Бид төлөөлөгчийнхөө үүднээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулаад явна.
Туул голын бохирдлоос гадна БЗД-т хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж байна. Хаягдал аккумлятор боловсруулах гурван ч үйлдвэр БЗД-т байдаг нь гол нөлөө үзүүлж байгаа байх. Хөрсөнд шинжилгээ хийлгэсэн гэсэн. Ямар үр дүн гарсан бол?
- Мөн л Богд уулын хормой, Хөлийн голын эрэг дээр аккумляторын гурван ч үйлдвэр хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг. Шалгалтынхантай очиход аккумляторын шингэнийг нүх ухаад булдаг. Тэр нь хөрсөөр дамжаад Хөлийн гол руу ордог, Хөлийн гол нь Туул руу нийлж бохирдуулж байсан байдаг. Уг нь энэ асуудал аль 2013 оны үед хөндөгдсөн ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Одоо болтол эдгээр үйлдвэрүүд нууцаар ажиллаад байна гэдэг гомдол иргэдээс ирсээр л байна.
Мөн Шар хадны эцэс, Да хүрээ зах орчим хөрсний шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр хар тугалга, хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 13 дахин их гарсан. Гэтэл хартугалга гээг бодис хүний сэтгэц шууд нөлөөлөөд зогсохгүй генд хүртэл нөлөөлдөг байна. Тиймээс энэ асуудалд нийслэлийн төр захиргааны байгууллагууд анхаарал хандуулж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатй болсон гэж бодож байна.