Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам барих шийдвэр гаргасан. Төмөр зам тавьснаар ОХУ болон Хятад улс руу аль аль руу нь нүүрсээ экспортлох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар,
-Энэ овоолгоо барьж дуусгах шаардлага байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг дуусгахад гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийх саналаа хэлдэг. Экспорт руу чиглэсэн энэ зам дээр гадны хөрөнгө оруулагчдын хувийг оруулж, тэдний сонирхлыг оруулах нь эдийн засгийн хувьд ч ашигтай гэж үзэж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415км төмөр зам бол дотоод руу чиглэсэн зам учир барилгын цэргийн ангийг оролцуулж, үндэсний бүтээн байгуулалт байдлаар хямд өртгөөр дотоодын эх үүсвэрийг ашиглая гэж ярьсан.
Бид Сайншанд дээр коксжих нүүрсээ авчирч чадвал Дархан, Сэлэнгийн орчимд байгаа төмрийн хүдэртэй нийлүүлээд цаашид мeталлургийн үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдэнэ. Нэг ёсондоо олон жил ярьсан дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд том боломж нээгдэнэ.
Нөгөө талдаа Сайншандаар дамжуулаад ОХУ-ын Валидовастовк, алс дорнодын боомтуудтай холбогдох боломжтой болно. Бид ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр төмөр зам дээгүүр ачаа тээвэрлэх боломж бүрдсэн. Энэ боломжоо ашиглаж, эдийн засгийн үр өгөөжийг хүртэх үүднээс энэ чиглэлд нурмаг ачаа буюу уул уурхайн бүтээгдэхүүний явуулах боломж бүрдэнэ.
Мөн Зүүнбаян-Ханги чиглэлд 260 гаруй км төмөр зам барих ёстой. Яагаад гэвэл БНХАУ-д Өвлийн олимп болохтой холбогдоод Сайншанд-Замын-Үүд чиглэлд ачаалал ихэссэн. Хятад Эрээний боомтоор төмөр замын ачаа авахыг хязгаарлаж эхэлсэн. Тиймээс Сайншанд-Ханги чиглэлд ачаагаа шууд явуулдаг болох нь тулгамдсан асуудал болж байгаа юм. Тиймээс энэ гурван бүтээн байгуулалтыг зэрэг эхлээд явах болов уу.