Куба улсын 16 дахь Ерөнхийлөгч асан Раул Кастро АНУ-ын дарамт шахалтыг үл тоон Венесуэл улсыг хэзээ ч орхихгүй гэдгээ амласан байна. Дональд Трамп Венесуэл улсын эсрэг тавьсан хоригийг зөрчиж дэмжлэг үзүүлсэн хэнийг ч хар жагсаалтад оруулахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Кубын Коммунист намын дарга Кастро үндэсний ассемблейд хэлсэн үгэндээ Америкийн дайсагналын хариуд ойрын саруудад батлан хамгаалах салбарын бэлэн байдлаа сайжруулж байна гэжээ. Нэгдсэн улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэнхийх нь төлөө Куба улсад хариуцлага тооцохыг шаардсан юм.
Раул Кастро: "Гитлерийн хамгийн буруу суртал ухуулгыг хийдэг, худал хэлдэг хорон санаатнууд Кубыг буруутгаж байна. Бид Америкийн Засгийн газарт Куба улс юунаас ч айж эмээхгүй, хөндлөнгийн оролцоогүйгээр улс орныхоо ирээдүйг үргэлжлүүлэн бий болгоно гэдгээ хэлье"
Кубын үндэсний ассемблейн хуралдаанаар шинэ үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Нэг намын тогтолцоог шинэчилснээр эдийн засгийн төрөөс хараат байдал суларч, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлж хувиараа бизнес эрхлэгчдэд боломж нээгдэнэ гэж ажиглагчид харж байна. Куба улсад ойрын гурван жилийн хугацаанд гурил, өндөг, тахианы мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний хомсдол газар авчээ. Америк хоригоо чангатгаснаар цаашид ч нөхцөл байдал хүндэрч бүсээ чангалах шаардлагатай болж байгаа юм.
Эх сурвалж: www.theguardian.com