Х.Хулан
Оюу толгойн хөрөнгө оруулалтыг шалгах УИХ дахь ажлын хэсгээс гүний уурхайг ашиглах Дубайн гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэнээ мэдээлээд буй. Эдийн засагч Б.Лхагважавтай уулзаж энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.
-Улс хэрэгжиж байгаа ганц мега төслөө гацаах магадлалтай болчхоод байна. Үүний хор, хохирол, эсвэл сайн тал гэж байгаа юу?
-Гацаагаад үз л дээ. Яадгийг нь 2013-2014 онд бид амссан шүү дээ. 2013 оны Засгийн газар Оюу толгойг шууд зогсоосон. Яг нарийндаа УИХ эхлээд 2009 оны аравдугаар сард Фрийдландтай тогтвортой байдлын гэрээ, дараа нь 2010 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Рио Тинто”-той хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Хоёр гэрээ байгаа шүү. 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа тухайн үеийн хуулиар энэ хоёр гэрээнд нэг талаас нь УИХ оролцсон байдаг. Одоо энэ хууль хүчингүй болчихсон.
Сүүлд нь 2009 оны аравдугаар сарын 7-ны өдөр гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд гарын үсэг зурлаа л бол албан ёсных болчихно шүү дээ. Гарын үсэг зурагдсанаас хойших цаг хугацаа бол хоёр субьектын хувьд гэрээг биелүүлэхийн тулд ажиллах ёстой болчихдог юм. Гарын үсэг зурах хүртэлх тэр цаг хугацаа бол тэр хоёр талаас оролцогч нар бүхий л авъяас чадвар, мэдлэгээ үзэж тэр гэрээг энэ, хэндээ 50, 50 хувийн ашигтай байхаар зохицуулдаг. Тиймээс 2009 оны аравдугаар сарын 7-ноос өмнө, яг нарийндаа 2005 оноос хойших 4-5 жилийн үйл явц, УИХ-ын гаргаж байсан хуулиуд, Засгийн газрын болон иргэний хөдөлгөөнүүдийн барьж байсан бодлогууд нийлж явсаар байгаад л тэр өдөр гэрээг байгуулсан хэрэг. Түүнээс хойш бизнесийн сонгодог зарчмаар гэрээгээ хамгаалах ёстой. Дээр өгүүлсэнчлэн, гэрээн дээр байгаа үүргийн биелэлтээ хоёр тал хоёулаа биелүүлэхийн төлөө явах ёстой байдаг юм.
-Тэр өдрөөс хойш та Оюу толгойн гэрээний талаар огт дуугараагүй нь ийм учиртай байж?
-Би нэг л зүйл дээр дуугардаг. “Төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулиа гаргачхаач ээ” гэж. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд байгаа заалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Ямар заалт вэ гэхээр, “Төр хувийн буюу нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө. Өмчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт бий. 6 дугаар зүйлд нь “Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тэгвэл 1992 оноос хойш энэ төрийн өмчөө хамгаалсан хуулийг яагаад гаргахгүй байгаа юм?
-Төрийн өмч гэдэгт юу, юу хамаарах вэ?
-1996 оны Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмч гэдэг нь дотроо хоёр салж байгаа. Эхнийх нь төрийн өөрийн өмч, нөгөө нь төрийн нийтийн хамааралтай өмч гэж. Төрийн өөрийн өмч бол цэвэр Засгийн газар, УИХ-д харьяалагддаг, татвараар бий болсон байшин барилга. Төрийн нийтийн хамааралтай өмч гэдэгт долоон төрлийн өмч багтдаг. Газар, газрын хэвлийн баялаг, ойн мод дагалдах баялаг, ус дагалдах баялаг, агаар мандал, ан амьтан, ургамал, хөшөө дурсгал, археологийн үнэт зүйлс орж байгаа юм. Энэ өмчийг хамгаалсан хууль Монголд одоо хүртэл байхгүй. Энэ өөрөө хамгийн том аюул.
-Өмчийг хамгаалах тухай заалт Эрүүгийн хуульд байдаг шүү дээ?
-Та бод доо, Монгол Улсын хамгийн том өмч бол төрийн нийтийн хамааралтай өмч. Эрүүгийн хуулиар зөвхөн хувийн өмчийн л эрхийг хамгаалдаг. Тэнд төрийн нийтийн өмчийн эрхийг хамгаалсан нэг ч заалт байхгүй.
Бид 1992 оноос хойш хамгийн том өмч буюу газар газрын хэвлийн баялгийн өмчөө ямар ч эрх зүйн хамгаалалтад хийгээгүй байхгүй юу. Түр зуур эзэмших эрх хэнд, хэзээ очдог вэ гэхээр, улс төрийн сонгуулиар эрх мэдлээ олж авсан этгээдүүдэд.
2004 онд Н.Энхбаяр гуайн Монгол Улсын ЗХУ-д төлөх өрийг тэглэсэн тэр өдрөөс эхлээд манай улсад бизнесийн гаднын хөрөнгө оруулалтууд орж ирсэн юм. Үүнээс өмнө бол түр зуур тухайн Засгийн газар, УИХ эзэмшдэг юм шиг л ойлгоод байсан. Ингээд өмчийн эрхийн нарийвчилсан хамгаалалт байхгүй учраас энэ нь өөрөө буцаад нийгмийн мухардалд орчхоод байна.
-Зөвхөн Оюу толгой ч биш, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэг нэрийдлээр 400 лицензийг хураана гэж байна. Мэргэжлийн хяналтын газраас мөн 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлсэн. Уг нь улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ч гэсэн аж ахуйн нэгжүүд тухайн үеийн ханшаараа бодоод хайгуулын төлбөрөө төлж байж лиценз авдаг биш үү?
-Өмчийг хамгаалах хуульгүйг далимдуулаад хэсэг улс 400 лиценз хураана гэж гарч ирж байна. 2004 оноос хойш өнөөдрийн манай хөрөнгө оруулалтын үндсэн суурь нь хүссэн, хүсээгүй хүртэлх уул уурхай дээр тогтож байгаа.
Ний нуугүй хэлэхэд, одоо манайд хөрөнгө оруулагч нар их айдастай байгаа. Би ярианы эхэнд хэлсэн, “Оюу толгойг дахиад гацаагаад үз ээ” гэж. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр том гэрээгээ гацаасан. Эхнийх нь Оюу толгой, хоёр дахь аймшигтай зүйл нь юу вэ гэхээр, Тавантолгойг зогсоочихсон. 2013 оны нэгдүгээр сараас бараг тавдугаар сар хүртэл зогссон шүү дээ. Тэгээд Монгол Улс маш хүнд байдалд орсон. Тэр үед яг нарийндаа уул уурхай дэлхий дахинд уналтад орчихсон байсан л даа. Манайхтай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн “Рио Тинто”-гийн хувьцаа ч 30-40 хувь уначихсан байсан үе. Дэлхий даяараа уул уурхайн хувьцаа хоёр дахин унасан байсан үе. Тэр гэрээ бол Тавантолгойд ашигтай ч, нөгөө талд ашиггүй гэрээ байгуулсан байсан. Гэхдээ гадныхан нэгэнтээ гэрээнд гарын үсэг зурсан л бол түүндээ үнэнч байдаг, гэрээгээр хүмүүжсэн улс. Гэтэл 56 ам.долларын тэр гэрээг ерөнхий сайд Н.Алтанхуяг зогсоочихсон, нөгөө тал нь ч “Азны юм” гээд шууд зогсоочихсон. Дараа нь манайхан түүнээсээ хамаагүй бага хэмжээний буюу 32 ам.долларын гэрээг гуйж байж зуруулсан шүү дээ.
Одоо ҮАБЗ-ийн гурван нөхөртэй тохиролцож чадахгүй бол тараадаг, зогсоодог болох нь. Эдийн засагт ямар өгөөж өгөх, манай эдийн засаг тэлэх эсэх тэдэнд огтхон ч сонин биш. “Бид гурваас ямар виз авах вэ, бид гурвын өмнө хэн ирж сөгдөх вэ?” гэдэгт байна.
Энэ бол уул уурхайн том салбарт ямар ч тоглогч биш хүмүүс улс төрийн шугамаар орж ирж байгаа шийдвэр. Бизнесийн хүн бол үүнийг зогсоохгүй байсан. Энэ том уурхайг зогсоож болдоггүй л байхгүй юу. Гэтэл зогсоохгүй явсаар байсан “Энержи ресурс” тэр үедээ алдагдалтай байсан ч өнөөдөр хамгийн сайн ажиллаж байгаа нь. Хямралын үеийг яаж ийгээд даваад гарч байгаа нь л өөрөө үнэ цэн байдаг юм.
-Оюу толгойг зогсоосныхоо дараа, 2015 онд Монгол Улс маань элгээрээ хэвтсэн шүү дээ?
-Улс маань дампуурлаа зарлах үгүйдээ тулсан. Тэр үед Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулахаар гуйж явсан. Түүнээс өмнө буюу 2013 оны УИХ-ын гаргасан хуулийн дагуу Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулсан.
Яагаад гэхээр, нүүрсний үнэ 2013 онд тав дахин уначихсан байсан. Хувийн болон төрийн компаниуд хүнд байдалд орчихсон байсан. Өмнө нь дөрвөн тэр бумд хүрч байсан хөрөнгө оруулалт 100 сая ам. доллар ч хүрэхээ болиод бараг “тэг” дээр очсон шүү дээ. УИХ 2013 онд Хөрөнгө оруулалтын хууль гэж дахин баталж өгсний гол зорилго нь “УИХ-аар бизнесийн гэрээ хийдгээ болъё, энэ бол дампуу юм байна. Бүр Засгийн газар ч больё. Хариуцсан яам, эсвэл компани нь хийг” гэсэн утгатай. Ингээд энэ хуульд уул уурхай ашигт малтмалын хөрөнгө оруулалтыг бас оруулж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 гэсэн алдартай хоёр заалт 2013 оны аравдугаар сард хүчингүй болсон.
2013 онд манай төр, “За ямар ч байсан УИХ компанитай гэрээ хийдэг нь утгагүй юм байна” гэдэг алдаагаа өөрсдөө олсон байгаа юм. Дараа нь 100 сая ам.доллараас доош Засгийн газар гэрээ хийдэг байснаа түүнийгээ хариуцсан компанид нь өгсөн. Ингээд 2013 оны аравдугаар сарын 25-ны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу М.Энхсайхан сайд, дараа нь “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хэмжээнд гэрээ хийх эрхзүйн орчноо УИХ өөрөө нээж өгсөн. Тэр хуулийн дагуу хоёр гэрээ хийсний нэг нь Тавантолгойн дахин ашиглалтын гэрээ. Дараа нь түүнийгээ хүчингүй болгосон. Ингээд яг аж ахуйн системд нь оруулчихсан байтал хоёуланг нь унагачихсан. Нэг нь Тавантолгойг чуулгандаа унагачихсан.
-“Нүүрсийг хэн зарах вэ?” гэдэг зодоон нь тохиролцоонд очоогүй шиг байгаа юм?
-Тийм. Тэгээд би бодохдоо, “Таван толгой бол төрийн гурван өндөрлөг тохиролцоонд хүрсэн үед л үйл ажиллагаа нь явах юм байна” гэж ойлгосон. Энэ талаар өнгөрсөн зун би хэлж л байлаа. “Тавантолгой урагшиллаа. Төрийн гурван өндөрлөг нь тохиролцсон юм байлгүй дээ. Гэхдээ хэдий хүртэл найр тавихыг нь сайн мэдэхгүй байна” гэж. Одоо манай энэ том гэрээнүүд зөвхөн төрийн гурван өндөрлөгийн ааш, аягаар явж байна. Хуучин ч тийм л байсан.
Одоо ҮАБЗ-ийн гурван нөхөртэй тохиролцож чадахгүй бол тараадаг, зогсоодог болох нь. Эдийн засагт ямар өгөөж өгөх, манай эдийн засаг тэлэх эсэх тэдэнд огтхон ч сонин биш. “Бид гурваас ямар виз авах вэ, бид гурвын өмнө хэн ирж сөгдөх вэ?” гэдэгт байна.
-Өнөөдөр Оюу толгой яг нарийндаа улс төрийн хамгаалалтгүй болчихсон. Ер нь ямар ч хамгаалалтгүй болчихсон. Хамгаалж байсан бүх хүн нь орон шоронгоор явчихсан. Төрийн ялангуяа УИХ-ын сүүлийн 30 жилд хийсэн ганцхан гэрээ нь Оюу толгойнх. Энэ гэрээнд монголын талаас оролцсон бүх хүнийг санаатай, санаандгүй байдлаар шоронд явуулчихсан. Тэгэхээр одоо наад гэрээг чинь хэн хамгаалах юм?
Одоо Монголд хөрөнгө оруулах гэж байгаа жижиг, том хэн нь ч монголчуудад үнэнээсээ итгэхээ байхаас гадна юу хийхээ мэдэхээ байчихсан. Би л лав гадаадын хөрөнгө оруулагч байсан монголчуудад итгэхгүй.
Өнөөдөр Монголд хөрөнгө оруулалтын 99 хувь нь уул уурхай, газар, газрын баялгийн салбар. Гэтэл энэ хөрөнгийн эзэн нь өөрөө өмчийн хуулийнхаа дагуу эрхээ хуулиар хамгаалаагүй байна. Тэгэхээр Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг зөвхөн тухайн үед байгаа дарга нартай ярьдаг, тэр нь дарга нь буухаар маргааш нь салхинд хийсдэг, юу ч биш болдог.
-Тийм учраас гадныхан энэ зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулахдаа ганцхан төртэй ярихаас өөр аргагүй болчхоод байгаа?
-Одоо төрийн гурван өндөрлөгт Оюу толгой очиж сөгдөөгүй байгаа. Аль эсвэл Оюу толгойг урдаа сөгдүүлэх зүйлийг энэ гурав хүсч байгаа. Юу барьж сөгдөхийг нь би мэдэхгүй байна. Сөгдөхгүй бол зогсооно шүү дээ. Тэр 2013-2014 онд Оюу толгойн гэрээг зогсоож байснаас харахад тийм тэнэг зориг бол манайханд байгаа. Тэнэг зориг гаргах нөхцөл ч бий болчихсон байгаа. Би үүнээс айж байна.
Би гайхаад байна, одоо МҮХАҮТ энэ дээр яагаад дуугарахгүй байгаа юм? Сая сүүлийн нэг жилд засаглалын бараг бүх хэлбэрийг өөрчилчихлөө шүү дээ. Үндсэн хуульд байсан төрийн байгууламж далд утгаараа нурчихлаа. Ерөнхийлөгч УИХ-аа шүүх засаглалтай нь залгиад авчихлаа шүү дээ. Одоо бидний нөгөө чөлөөт зах зээл, хувийн өмч, иргэний эрхийг хэн хамгаалах юм?
Би гайхаад байна, одоо МҮХАҮТ энэ дээр яагаад дуугарахгүй байгаа юм? Сая сүүлийн нэг жилд засаглалын бараг бүх хэлбэрийг өөрчилчихлөө шүү дээ. Үндсэн хуульд байсан төрийн байгууламж далд утгаараа нурчихлаа. Ерөнхийлөгч УИХ-аа шүүх засаглалтай нь залгиад авчихлаа шүү дээ. Одоо бидний нөгөө чөлөөт зах зээл, хувийн өмч, иргэний эрхийг хэн хамгаалах юм?
Төрийн нэг өндөрлөг нь нөгөө хоёроо залгиад идчихсэн тохиолдолд бидэнд хамгаалалт байхгүй.
-Нийтийн өмчийн эрхийн хамгаалалтын хуулийг гаргаж ирэхгүй байгаа нь санамсаргүй юу, санаатай юу?
-Энэ бол санаатай. Би 2010 оноос хойш би үүнийг байнга хэлж байгаа. 2011 онд нэг гишүүнээр дамжуулаад УИХ-д энэ хуулийн төслийг оруулж байсан. Өмчийн хуулийн маш тодорхой концепц одоо ХЗДХЯ-нд байх ёстой. Хэрэв үүнийг байхгүй болгож байгаа бол Өмчийн тухай хуулийг замхруулж байна гэсэн үг.
Замхруулах нь төрийн эрх мэдлийг яг одоо барьж байгаа хүмүүст ашигтай. Манай энэ үл бүтэх саармаг байдал нь хөрөнгө оруулагч нарыг компаниас үргээдэг болчихсон. Улстөрчид сүүлийн 20 жил нь бүгдээрээ “Гаднын хөрөнгө оруулагчийг бидэнд авлига өгөх ёстой” гэж хардаг болсны гол шалтгаан энэ байхгүй юу. Дэлхийн дүрмээр бол компани компанитайгаа л харилцаж, бизнес хийдэг. Компани төртэй нь харилцдаг газар бол хойд Солонгос, Куба хоёр л байгаа байх.
Тэгэхээр одоо гадныхан хэрэв оруулсан хөрөнгөө баталгаатай байлгая гэвэл хүссэн хүсээгүй төртэй буюу гурван өндөрлөгтэй л очиж “найзлах” хэрэгтэй. Хамаагүй, тэр өгдөг барьдаг юмаа өг. Тохироогүйгээс яадгийг 2013 он харуулчихсан. Одоо дахиад харуулах гэж байна. Ер нь хувийн компаниуд ч байна, гадны хөрөнгө оруулагч ч бай, бүгдэд нь сайн мэдрүүлж байгаа. Өдөр болгон бидэнд “гоё кино” үзүүлж байгаа. Ингэж дасгаж байна. Яг нарийндаа бидний коммунист сэтгэлгээ хэвээрээ байгаа шүү. Нэг өглөө сэрэхэд л коммунизмын нэрийн дор бүхнийг нийгэмчлэхэд, хурааж авахад, баялаг бүтээж байгаа жаахан өмч хөрөнгөтэй хүнээ буудахад бэлэн байна.
Яг нарийндаа, газрын хэвлийн баялгийн эзэн солигдох үйл явц нь ийм ядаргаатай, ийм зовлонтойгоор манайд болох гээд л байна л даа. Тэр том уурхайн бизнес өөрөөс нь гадуур эргэлдээд байдаг. Тийшээ орохын тулд хөлдөө сөгдүүлэх гэж байна шүү дээ. Одоо очоод сөгдөнө шүү дээ. Оюутолгой бол сөгдөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр Оюутолгой чинь Дубайн нэмэлтээр бол банкуудад очсон гэрээ байхгүй юу.
-Дубайн гэрээ тийм муу гэрээ байсан уу?
-Санхүүгийн загварын хувьд бол нэлээн “хөөрхөн” загвар шүү. Яг нарийндаа энэ гэрээг, Дубайн нэмэлтийг хамтарсан Засгийн газрын үед хийсэн шүү. Яагаад энэ хүмүүс өнөөдөр дуугарахгүй байгаа юм бэ? Ерөнхий сайд нь С.Баяр, Шадар сайд нь Н.Алтанхуяг байсан шүү дээ. Хоёр нам нийлж байгаад л зурсан. Дараа нь Дубайн гэрээг зурах яг тэр агшин буюу 2015 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг байсан, Шадар сайд нь У.Хүрэлсүх байсан. Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат байсан. Байгаль орчны сайд Л.Гансүх, Уул уурхай, Эрчим хүчний сайд Б.Жигжид гээд хамтарсан Засгийн газар байсан. Энэ гэрээг зураад л “маргааш” нь энэ Засгийн газар бутарсан шүү дээ. Энэ гэрээг байгуулсан бүх хүн өнөөдөр амьд байгаа. 2009 оныг бас хараарай, бас л хоёр нам хамтарсан байсан. Тухайн нөхцөлд энэ гэрээг хийсэн хүмүүсээр одоо дүгнэлтийг нь гаргуулах ёстой.
-Дубайн гэрээг цуцлах үндэслэлийг юу гэж тайлбарлах бол, таны харж байгаагаар?
-Би мэднэ ээ. Гэхдээ үүнийг одоо хэлэхгүй. Тухайн үеийн УИХ-ынхан ч мэднэ. 2009 онд яг юу болсныг. Одоо хамгийн чухал нь юу гэхээр, хоёр км-ийн доор байгаа тэр гүнд 10 тэрбум ам.доллараа хийгээд тэр үйлдвэрээ ажиллуулаадах л даа. 2021 оны аравдугаар сард тэр үйлдвэр ажиллах нь л чухал байгаа байхгүй юу.
-Хөрөнгө оруулагч тал гэнэт гэдийгээд энэ гэрээг цуцалчихвал яах вэ?
-Тэгвэл бид хохирлыг нь дийлэхгүй шүү дээ. Өнгөрсөн 2013, 2014 онд гэрээг цуцлаагүй, зүгээр л зогсоогоод үзчихсэн. Тэгэхэд 10 мянга байсан ажилчид мянга бил үү хоёр мянга болсон. Бид үүнээсээ сургамж аваад засч л явах ёстой. Зогсохгүйгээр ажиллаж байх ёстой. Тэнд 17000 хүн ажиллаж байна. Өнөөдөр Монголын нүүр царай болсон битгий хэл, дэлхий дээр яваа ганцхан төсөл энэ Оюу толгой. Оюу толгойн төслийг дэлхий талаасаа харах юм бол гайхалтай шүү дээ. Газрын гүнд хийж байгаа тэр бүтээн байгуулалтууд, 200 км тунель, тэнд ашиглаж байгаа технологи, гүний уурхайг дэлхийн уул уурхайн инженерүүд хүртэл, “Ганц удаа харчих юм сан” гэж мөрөөдөж байна. Бид дээр байгаа хэдэн сэндвичэн барилгыг нь харчхаад “Юм алга” гээд байдаг. Гэтэл доошоо 200 км тунель ухаад бүхэл бүтэн хот барьчихсан. Өнөөдрийн бүх хөрөнгө оруулалт чинь газрын доорх тэр бүтээн байгуулалтад орж байгаа. Бизнесмэнүүд хөрөнгө оруулж золиос хийж байж буцаагаад ашиг авдаг. Дээд тал нь 20 хувийн л ашиг байгаа, түүнээс авч байгаа ашгаа ч тэр тунель руу хийж байгаа.
Өнөөдөр энэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт талаас нь өөр маягаар сурталчлах юм бол дэлхийд Оюу толгойн яриад явснаараа бид хаанаас л бол хаанаас хэдэн сая ам.доллар олчих бололцоо бий. Оюу толгойд бэлтгэн нийлүүлэгч монголын 1100 компани байна. Тэр 1100 компани “Бид Оюу толгойтой хамтарч ажилладаг” гээд гэрээгээ үзүүлэхэд л дэлхийн хаана л бол хаана гэрээ хийх эрхтэй болж байгаа юм. Том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын тархсан үр дүн гэж үүнийг хэлдэг юм.
Яах вэ, зогсоож болно шүү дээ. Кнопоо дарчих л даа. 2013 онд зогсоосныхоо шанд бид аргаа бараад хоёр тэрбум ам.доллар хэвлэж байсан шүү дээ. Дахиад хоёр тэрбум ам.доллар гаднаас гуйж авч байлаа, одоо ч түүнийгээ төлж дуусаагүй байна. Бүр алиагаа алдаж байлаа шүү дээ. Одоо тийм байдал руу л орно. Хүсвэл тэгж болно шүү дээ. Тэр өр ширийг нь дийлэх юм уу?
Буцаад энэ нь жирийн иргэндээ л тусдаг байхгүй юу. Манай энэ улстөрчдөд ард түмний зовлон, нийгмийн зовлон ерөөсөө мэдрэгддэггүй юм аа.
-Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд энэ дээр огт дуугарахгүй байгаа нь ямар учиртай юм бол?
-2009 оноос хойш олон бүрэлдэхүүнийг би харж байна. Энэ бүтээн байгуулалтынхаа нийгэм, улс төр эдийн засгийн ач холбогдлыг ярьж, манлайлж, тайлбарлаж, таниулж, бусдад нь ойлгуулж, ойлгоогүй улс төрчдийг нь ухуулан сэнхрүүлж түүчээ болж явах ёстой гурван хүн нь Оюу толгойн ТУЗ-ийн монголчууд шүү дээ. Би огт харахгүй байгаа юм. Сайнаар ч бай, муугаар ч бай. Монгол Улсыг төлөөлж байгаа энэ гурван этгээд юм дуугарахгүй юм бол гудамж л дуугарна шүү дээ. Мэдээлэл хомсхон, гэрээгээ ч уншаагүй хүмүүс ганц нэг улстөрчийн зүгээр нэг шоудаад хашхирчихсан үгийг бариад л гүйгээд байна. Одоо ингэж дуулианаар юм хийдэг үе биш ээ.
Тиймээс энэ ТУЗ-ийн гурван гишүүн дуугарах ёстой. Юу хийх гэж тэнд өндөр цалин аваад байж байгаа юм. Дуугарч, хамгаалж чадахгүй юм бол тэнд сууж яадаг юм. Бид ямар гурван хүн эрхлүүлэх гэсэн биш. Энэ гурван нөхөр хэрэв сайн ажилласан бол ололттой, амжилтад хүргэсэн зүйлсээ ч гэсэн ярих ёстой. Мэдээж, ҮАБЗ дээр байнга илтгэлээ тавьдаг байлгүй гэж найдаж л байна.