Цагдаагийн байгууллагад хандсан сүүлийн нэг сард охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, хүчиндэхийг завдсан гэх дуудлагын тоо нэмэгджээ. Саяхан гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр рүү орохоор явсан 13 настай охиныг үл таних этгээд хүчээр машиндаа суулган хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Улсын дугааргүй марк нь үл танигдах машинтай 30 орчим насны этгээд хэргийг үйлджээ. Охиныг “Ах нь юм асууя. Хүрээд ирээч ахын дүү” хэмээн дуудаж улмаар ойртон ирэхэд нь хүч хэрэглэн машиндаа суулган зодож, хүчиндэхийг завдсан аж. Энэ үеэр байрны гадаа явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Тухайн этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Эцэг эхчүүд та бүхэн бага насны охидыг оройн цагаар ганцааранг нь гаргахгүй байх.Заавал хараа хяналттай гаргах, үл таних этгээдтэй ярихгүй байхыг тогтмол анхааруулах зэргээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж бага насны охидыг бусдын гарт зэрэмдэглүүлэхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байж тогтмол урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Мөн охид эмэгтэйчүүдийг орой үдшийн цагаар хүний хөл хөдөлгөөн багатай, камерийн хяналтгүй газраар ганцаараа явахгүй байх, такси унаанд суухдаа улсын дугаарыг нь харж бусдад мэдээлж байх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.