Их Британийн хавар Брекситийн дуулианаас гадна Хатан хааны гэр бүлийн шинэ гишүүнийг дагуулан ирлээ. Сассексын гүн хунтайж Харри болон түүний эхнэр Сассексын гүнгийн авхай Мэркл нар тун удахгүй эцэг эх болох гэж байна.
Сассексын гүнгийн гэр бүл өнгөрсөн оны 10 дугаар сард бүл нэмэх гэж буйгаа албан ёсоор зарласан ч гүнгийн авхай хэдийд амаржих тухайгаа нарийн мэдэгдээгүй юм. Гэхдээ ойрын эх сурвалжууд Меган Мэрклийг дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхэнд амаржина гэжээ. Гүнгийн авхай төрөх дөхсөн тул түүний хэвлийд буй хүүхдийн хүйс, нэр гээд олон зүйл хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ.
Шинээр эцэг эх болж байгаа гэр бүл хэдийнээ хүүхдийнхээ нэрийг төлөвлөсөн байдаг жишгээр Харри, Мэркл нар ч мөн нэрээ олсон гэж таамаглаж байгаа юм. Хатан хааны гэр бүлд шинэ хүнд нэр өгөх тогтсон дүрэм журам байхгүй ч ихэс дээдсээ хүндлэн тэдний нэрийг сонгох нь бий.
Тиймээс ажиглагчид гүнгийн авхайгаас хунтайж төрвөл Артур, Эдвард, Филип гэсэн гурван нэрний аль нэгийг харин гүнжтэй болбол Харригийн ээжийн дурсгалыг хүндэтгэж Диана эсвэл Викториа гэсэн нэрнүүдээс сонголтоо хийнэ гэж үзжээ.
Мөн хатан хааны гэр бүлийн уламжлалыг дагаж шинэ хүний нэр дөрвөн үгээс бүтэх ба дунд нэрэнд Элизабет гэсэн үг багтана гэж таамаглажээ. Сассексын гүнгийн гэр бүлийн бяцхан гишүүн хаан ширээ залгамжлах долоо дахь үе болох юм.
Эх сурвалж: www.cnn.com