Д.Мягмардорж
ҮАБЗ-өөс нууц бичиг шидэж, УИХ, Засгийн газарт чиглэл өгснөөр ийм эргэлзээ төрүүлж орхилоо. Өөрөөр хэлбэл, стратегийн гэх тодотгол зүүлгэсэн Тавантолгой ордыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багтай холбох уу, эсвэл Монголын нүүрсний хамгийн том худалдан авагч БНХАУ-тай хиллэх Гашуунсухайт боомт руу төмөр замаа тавих нь ашигтай юу гэдэг асуулт урган гарч ирээд байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үүрэг нь Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудын бүтээгдэхүүнийг гаргах хоёр дахь гарцыг нээнэ гэж харж байгаа аж. Улмаар нефть боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаад буй Сайншандад ган хайлуулах үйлдвэр байгуулах замаар аж үйлдвэрийн цогцолбор байгуулах хэтийн зорилт хангагдана гэж тооцоолсон байж болно.
Эсвэл дээрх ордуудыг босоо тэнхлэгийн төмөр замын эзэмшигч УБТЗ-ын сүлжээтэй холбож, Өвөрмонголын Эрээн хотоор дамжуулан Монголын хамгийн ойр далайн гарц болох Хятадын зүүн эргийн боомтуудад зэс, нүүрсээ хүргэх боломжтой. Бүр Оросоос манайд үзүүлэх төмөр замын хөнгөлөлттэй тарифыг ашиглан тус улсын нутаг дэвсгээр дамжуулан 5000 км-ийн тэртээх Восточный боомтыг далайд хүрэх гарцаа гэж харсан бололтой. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Бүтээн байгуулалтын хөрөнгийг “Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 оны ашгаасаа гаргана. Тус компани “Монголын төмөр зам”ын бондыг 750 тэрбум төгрөгөөр худалдан авах аж.
Харин төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Монголдоо л мэргэжлийн гэгддэг МТЗ биш, урт удаан түүхтэй УБТЗ бүр ч биш Зэвсэгт хүчний жанжин штаб байхаар төлөвлөжээ. Цэргийн хүч, дотоодынхоо нөөцөөр энэ төмөр замыг барих бөгөөд 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж техник хэрэгсэл шаардлагатай гэнэ. Нийт таван рот цэрэг тус бүр 60 км төмөр зам барихаар төлөвлөсөн. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар босгох урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь дотоод, гадаадын компаниудын өгч байсан үнийн саналаас даруй гурав дахин бага өртөг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулжээ.
ХЯТАДЫН ТАЛТАЙ УУЛЗАХ ЦЭГИЙГ НЬ ТОХИРОЛЦООГҮЙ БАЙЖ СТРАТЕГИЙН ТӨМӨР ЗАМАА ЭРЧИМЖҮҮЛНЭ ГЭВ ҮҮ
Одоогийн нөхцөл байдлын хувьд Тавантолгойн бүлэг ордоос 240 гаруй км шороон замаар нүүрсээ экспортолж байгаа. Жилдээ 20 хүрэхгүй сая тонныг гадагш зарж, олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өсөхөд багахан ашиг олж, уруудахад нь дагаад алддаг явдал Тавантолгойгоос экспорт хийж эхэлсэн цагаас давтагдсан. Уг нь авто тээврээс хоёр дахин бага өртөгтэй төмөр зам энэ тогтолцоог халж чадна гэдгийг өчигдөр ҮАБЗ биш аль 10 жилийн өмнөх ТЭЗҮ хийсэн судлаачид тогтоочихсон. Төмөр замтай болсноор Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурч, жилийн экспорт 30 сая тоннд хүрнэ. Гэвч нүүрсний ордоо стратегийн гэж тодотгочихоод стратегийн ач холбогдолтой дэд бүтцээ барьж байгуулах асуудлаа хойш тавьсаар ирсэн.
Монголын нүүрсийг БНХАУ, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах хамгийн дөт, стратегийн ач холбогдолтой зам бол Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам. Энэ чиглэлийн төмөр замыг зөөх ачаа нь бэлэн, олох орлого нь тодорхой учраас мэргэжилтнүүдийн зүгээс стратегийн гэж тодотгосон юм. Харин өчигдрийн Засгийн газрын албан мэдээнд дурдсанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ гэсэн үг, үсэг байгаагүй. Идэвхжүүлэхээр болсон гэдэг нь анхаарал татаж байна. Энэ чиглэлийн төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани ажиллаж, гүйцэтгэгчийг удахгүй тодруулна гэх бүрхэг мэдээлэл байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цэгийн асуудлыг шийдэж, чадвал 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж тооцжээ. Хэрвээ Хятадын төмөр замтай уулзах цэгээ тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах бүрэн боломжтой аж. Уг чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар гэж тооцсон. Энэ зардал дээр тодотгол хийж суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж байгууллага, банк санхүүгийн байгууллагын оролцоог хангах, эсвэл гаднын эх үүсвэрийг оролцуулж ирэх ажлыг яаралтай эхлүүлнэ гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэлжээ. Гэвч төмөр замын оронд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажил санаачлан хэрэгжүүлж байгаа гэсэн.
2015 оноос хойш Тавантолгойн төмөр замын төсөл таг зогссон. УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1455 ммийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, арваад жилийн хэрүүлд цэг тавьсан бөгөөд энэ тогтоол одоо ч хүчинтэй байгаа. Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУын нарийн царигтай нийлнэ. Харин Замын-Үүдээр дамжуулан Эрээн рүү тээвэр хийсэн тохиолдолд 1522 мм-ийн өргөн царигаас нарийн луу шилжүүлэн ачилт хийж таарна.
У.Хүрэлсүхийн танхим олон жил овоолсон шороо хэлбэртэй байсан Тавантолгойн төмөр замыг урагшлуулах шийдвэр гаргасан нь энэ. Ингэхдээ Зүүн болон урд гэсэн хоёр тийш төмөр зам барихаар шийдвэрлэж, далимд нь аливаа улсын зэвсэгт хүчний голлох салбар болоод буй инженерийн цэргээ дадлагажуулж, техникжүүлэхээр шийдсэн бололтой юм. Цэргүүдийг дайчлахын тухайд бол Дорноговь аймагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг мөн цэргийн ангийнхан гардан гүйцэтгэж байгаа. Тэд нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтэд төсөвлөсөн хөрөнгөөс 47 тэрбум төгрөг хэмнэсэн мэдээлэл ч бий. Ямартай ч дээрх хоёр чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцжээ.
Үүнээс үзэхэд, Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Замын-ҮүдЭрээн, эсвэл Тавантолгой-Зүүнбаян-СайншандУлаанбаатар-СүхбаатарУлаан-Үд-Владивосток-Восточный чиглэлээр жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргана гэж харж байгаа бололтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдвал мөн хэмжээний нүүрс экспортлох дэд бүтэцтэй болно. Харин сүүлийн үед хууль мэт дагах ҮАБЗ-ийн зөвлөмжид тусгаснаар Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг БНХАУ-ын талаас соёрхон батлуулах, гуравдагч зах зээлд гарах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх гэнэ.
ТӨР ШИЙДВЭРТЭЙ ҮНЭН Ч БАЙСАН БОЛ ТАВАНТОЛГОЙН ТӨМӨР ЗАМ ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ АШИГЛАЛТАД ОРОХ БАЙ
Засгийн газраас өнгөрсөн онд төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулж, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ээлжит тогтоолоо гаргаж байлаа. Тухайн үед Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлд 790 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гаргасан. Үүнийг “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээний хүрээнд шийдэхээр төсөөлж байсан юм. Түүнчлэн төрийн мэдлийн 51-ээс гадна үлдэх хувьд орох хөрөнгө оруулагчдыг 2018 онд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгаж байлаа. 49 хувьд хөрөнгө оруулах компанид урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хуулийн этгээд байх шаардлага тавьсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт өртөг болох нэг тэрбум ам.долларын 49 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх чадвартай, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой зэрэг өндөр босго тогтоосон юм. Энэ шаардлагын дагуу “Энержи ресурс” тэргүүтэй дотоодын компаниуд төсөлд оролцох боломжгүй болсон. Угтаа бол дээр шаардлагыг хангах чадвартай гадаадын хөрөнгө оруулагчид 20 жилийн тэртээгээс энэ ордын баялгийг тээвэрлэх гол гарц болох төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн байдаг. Тэдгээрээс хамгийн олон удаа хөрөнгө оруулахаар яригдаж байсан нь БНХАУ-ын төрийн мэдлийн “Чайна Шенхуа энержи” групп. Өмнөх Засгийн газрын үед Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн 49 хувийг БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа”, 51 хувийг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр ярилцаж байсан юм. Бүр өмнөх түүх сөхвөл, Засгийн газраас 2008 онд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг.
Гэвч Засгийн газар 2010 онд 283 дугаар тогтоолоо гаргаж, “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам”-д шилжүүлсэн. Үүний зэрэгцээ төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид өгчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулах зөвшөөрөл олгосон байна.
Тухайн үед “Энержи ресурс” компани 2015 онд ашиглалтад оруулан 19 жилийн дараа буюу 2034 онд төрд шилжүүлэн хүлээлгэн өгөхөөр гэрээлж байсан аж. Мөн ондоо Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж, “Энержи ресурс” болон “Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм. Улмаар Тавантолгойн төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани цааш үргэлжлүүлсэн нь өнөөх “Төмөр замын” гэгдэх хэрэг үүсэхэд хүргэсэн. “Монголын төмөр зам” компани 2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан. Түүнээс хойш энэ төмөр замын төсөл таг зогссон. УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1455 мм-ийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, арваад жилийн хэрүүлд цэг тавьсан бөгөөд энэ тогтоол одоо ч хүчинтэй байгаа. Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУ-ын нарийн царигтай нийлнэ. Харин Замын-Үүдээр дамжуулан Эрээн рүү тээвэр хийсэн тохиолдолд 1522 мм-ийн өргөн царигаас нарийн луу шилжүүлэн ачилт хийж таарна.