СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-10

Н.Номун-Эрдэнэ: Гадаадад байгаа иргэд ЭСЯ, консулын үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Г.Пүрэвсүрэн

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай зөвлөл гадаадад байгаа Монголчуудыг нэгтгэж чадаж байгаа юу?

-Тийм гэж хариулж болно. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл 2014 оны есдүгээр сард байгуулагдсан. Анх манайд 40 гаруй байгууллага нэгдэж байсан бол одоо 140 гаруй болсон. Энэ дотор сургууль, сургалтын байгууллага гэхэд 60 гаруй байна. Өнгөрөгч зун Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, ТББ-уудын III чуулга уулзалт болоход 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 Монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг зочид, төлөөлөгч оролцсон. Бидний үйл ажиллагаа өргөжиж, улам олуулаа болж байна. Төрийн бус байгууллагын ажлыг хүн сайн дураараа хийдэг, санхүүжилтгүй учраас ажиллах, ажиллахгүй үе гарна, янз бүр л дээ. Гэхдээ л бид хамтарч ажиллая гэсэн шийдэлд хүрсэн. Мэдээлэл солилцож, хамтран ажилласаар байна.

-Гадаадад хэчнээн монгол хүн байна гэж үздэг вэ?

-200 мянга гаруй Монгол хүн байна. .

-Сүүлийн үед гадаадад байгаа Монголчууд хулгай хийдэг талаар таагүй яриа, мэдээлэл их гарч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Монголчууд гадаад оронд зорчих нь ихэссэн. Хулгай хийж баригдсан монголчуудын тухай гарч буй мэдээлэл нь асар их муу үр дагавартай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг л сүүлийн өдрүүдэд ийм мэдээлэл их гарч буйд харамсаж байна. Нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн асуудлыг гадаадад байгаа монголчууд гэж тодотгох хэцүү л дээ. Хэрэв хулгай хийж байгаа хүмүүсээр төсөөлж биднийг харвал Азиар дүүрэн хулгайч байгаа юм шиг л ойлголт төрүүлнэ. Европод бол ганц нэг оронд л тийм асуудал гарсан байх жишээтэй.

Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал, монголын нийгмийн байдал хүмүүсийг хулгай руу түлхэж байна. Нийгмийн амьдрал бухимдалтай, амьжиргааны түвшин муу, орлогын хуваарилалт тэгш бус байхаар яаж ийгээд гадагш гарч амьдрахыг хүссэн хүн олширсон. Гэвч газар дээрээ байдал өөр байдаг.

-Газар дээрээ байдал ямар байдаг вэ?

Манай зөвлөлд “Яаж гадагш гарах вэ, яах вэ?” гэсэн асуулт их ирдэг. Мөн өвчтэй, зовлонтой гээд хандив, тусламж гуйсан тоо томшгүй хүсэлтүүд ирнэ. Бид тэр болгоныг шийдэх, хандивын аян өрнүүлэх боломжгүй шүү дээ. Гадаадад амьдарч буй хүмүүс завгүй, амьдрах, орлого олохын тулд их хөдөлмөрлөдөг. Ажлын байр шууд олдохгүй, өртөг өндөр. Гэтэл манайхан дорхноо ажилд ороод хөлөө олно, өр ширээ төлчихнө гээд л ирдэг. Энэ бүхэн мэдээллийн урсгал буруу байгаагаас бас болж байна.

-Яг ямар буруу мэдээлэл байна вэ?

-Монголд виз гаргана, цагаачлуулна, зуучилна гэсэн зар явуулж гэнэн хүмүүсийг урхидан мөнгө олдог бүлэглэлүүд үүссэн. Хүмүүс тэдний үгэнд итгээд хамаг хөрөнгөө зараад ажил төрлөө хаяад гадагш гарахаар зүтгэдэг. . Хэрэв тэр хүний виз гарвал “Бид гаргасан” гээд мөнгө авна, гарахгүй бол нь “Бид зөндөө цаг зарцуулсан, хөөцөлдсөн, танаас өөрөөс чинь боллоо” гээд мөнгийг нь буцааж өгдөггүй. Үнэндээ тэд аль ч улсын Элчин сайдын яаманд нөлөөлөхгүй, виз олгодог эрх бүхий хүмүүс тэдэнтэй харьцаж ажлаа хийхгүй шүү дээ.

Е. Буцаад явъя гэхэд бүх юмаа зарчихсан, их хэмжээний өртэй байдаг. Тэр хүмүүсийн зарим нь хулгай руу хазайна, түүнээс биш хүн болгон хулгай хийнэ гэж юу байх вэ. Хулгай хийнэ гэдэг ухамсаргүй маш бүдүүлэг үйлдэл. Гэхдээ энэ зам руу түлхэж байгаа хүчин зүйлсийн тухай ярих л ёстой. Тийм учраас хэрэв гадагш гарахаар шийдсэн бол очих газраа сайн судалж, бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл авах хэрэгтэй. Жишээлбэл Шведэд ажил олдохгүй байгаа шүү. Монголдоо ажилтай, бизнес эрхэлдэг бол гадагшаа явах гэж яаран бүү шийдээрэй, зөв мэдээлэл авч байж ирээрэй гэмээр байна.

-Монголд байгаа хүмүүс яаж гадаад явах вэ гэж их ханддаг юм байна. Харин гадаадад байгаа хүмүүс танай зөвлөлд ямар асуудлаар ханддаг вэ?

-Оршин суух эрхийн асуудал, ажлын байр, даатгал, хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажил гээд олон зүйл дээр тусламж, зөвлөгөө хүсдэг. Бид бүх боломжоороо тусалж дэмжихийг эрмэлздэг. Тэгээд төрөл бүрийн тэмцээн уралдаан, уулзалт гээд монголчуудтай хамаатай үйл ажиллагааг явуулдаг.

-Та бүхэн гадаадад байгаа ЭСЯ-дуудын үйл ажиллагааны талаар иргэдээс судалгаа авсан. Судалгааны үр дүн яаж гарав?

-Энэ бол ЭСЯ-дуудын үйл ажиллагааг бүхэлд нь үнэлж, дүгнэх судалгаа биш л дээ. .

Энэ судалгааг хийсэн нь консулын үйлчилгээг сайжруулах, гарч буй алдааг залруулахад тустай учраас бид, төрд ч, иргэнд ч тусалж буй хэрэг юм. Бид ёс зүйгүй, хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, дипломат ажилтны талаарх мэдээллийг анхаарч үзнэ. Нөгөө талаас иргэд асуудалд уян хатан хандах, ЭСЯ, консулын ажилтнуудтай зөв боловсон харьцах асуудал ч хөндөгдөнө. Судалгаанд хамрагдсан иргэд зарим дипломат ажилтныг нэр дурдан бичиж, гомдол гаргасан байгаа. Бид эхлээд мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтооно. Мөн судалгаанд оролцогчийн хувийн мэдээлэл байгаа учраас “Тэр ажилтан ингэсэн” гэж олон нийтэд нээлттэй зарлах боломжгүй. Гэхдээ асуудал хэрхэн шийдэгдсэн, тухайн ажилтан буруутай байсан эсэх, хариуцлага хүлээсэн эсэх талаар тайлан нэхэж ажиллана.


-Иргэдийн зүгээс ямар асуудал гаргадаг вэ?

-Консулуудын ярианаас харахад, хууль дүрмийн хүрээнд асуудлыг тайлбарлахаар иргэд хуулиас давсан зүйл хүсэх, шаардлага тавих асуудал гардаг юм байна. Зарим хүн ЭСЯ гэхээр бүх хүслийг нь биелүүлдэг гэж ойлгоод байдаг тохиолдол ч байна.

-ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын ёс зүйн доголдлын талаар хүмүүс их ярьдаг. Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх тал дээр та бүхэн яаж ажиллаж байна вэ?

-Төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээтэй болъё гэвэл гадаад улс орнуудад суугаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд ч энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа байх. Ер нь ёс зүйн өндөр хэм хэмжээг сахидаг хүнийг л консулаар томилох ёстой шүү дээ. Иргэдийн олонх нь консулын үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа нь тэнд асуудал байна гэдгийг харууллаа. Эх орноосоо хол яваа хүнд юу ч тохиолдож болно. Тэр үед нь төрийг төлөөлж дэм тус болох эрхтэй, үүрэгтэй субьект нь ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд юм. Тийм учраас өргөдөл, хүсэлт барьсан иргэндээ томроод байх ямар ч шаардлагагүй. Тийм тохиолдолд бид дуугүй суухгүй.

-Судалгааг ГХЯ , ЭСЯ, ДТГ-ууд хэрхэн хүлээж авч байна?

-Гадаад Харилцааны сайд “Зөв зүйтэй. Хариуцлага алдсан байвал ажилтнуудынхаа толгойг илэхгүй” гэсэн. Тэгэх ч байх гэж найдаж байгаа. Бид хэн нэгний мууг үзэх гэж судалгаа хийгээгүй. Судалгаанд сайн ажиллаж байгаа хүмүүсийн нэр ч бий. Судалгааг үе шаттайгаар дахин явуулна

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.