Д.Дорж
Монгол Улсын хөгжилд ус агаар мэт хэрэгтэй байгаа жилийн гурван хувийн хүүтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө мөнгө хүүлэгчдийн гараар орж угаагдсан. Угаагдах угаагдахдаа УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудаар шүү. Үүнийг төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх баталсан ч төрийн дээд байгууллагын олонх нь жижиг, дунд бизнес эрхлэгч учраас нөхдөө хамгаалаад өнгөрсөн явдал жил орчим яригдлаа. Уг нь манай УИХ-ын гишүүд татвар төлөгчдийн халааснаас хулгай хийхгүйгээр сайхан амьдрах бэл бэнчинтэй гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлгээрээ баталдаг.
“ЖДҮ”ээс хүүгийнхээ компанид 800 сая төгрөгийн зээл аваад өгчихсөн Н.Оюундарь гишүүний гэр бүл л гэхэд жилдээ таван тэрбум төгрөгийн орлого олдог байх юм. Удам угсаа сайтай хэмээн сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээсэн тэрбээр УИХ-ын гишүүдээ гэр бүлийн орлогоороо тэргүүлдэг нэгэн. Түүний гэр бүлийн орлого 2017 оныхоос дөрвөн тэрбум төгрөгөөр өсч, ганцхан жилийн дотор таван тэрбумаар хэмжигдэх болсон байна. Ингэснээр Монголд зөвхөн уул уурхайн компаниуд л ийм богино хугацаанд, тийм өндөр өсөлт үзүүлдэг гэх ойлголтыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гишүүн үндсээр нь өөрчилж орхилоо. Мөн тэрбумаар хэмжигдэх үнэт эдлэл, байр орон сууцтай гэдгээ мэдүүлэхийн зэрэгцээ 24 компанид хувь эзэмшилтэй гэнэ. Тэдгээрийн дотор хүүгийнхээ гэж зарласан “Ред стар клуб” компанийн 80 хувийг захиран зарцуулах эрхтэй болохоо дурджээ. Тухайн компанийн 80 хувийг эзэмшдэг гэхээр эрхэм гишүүн өөрөө шийдвэр гаргагч уу, эсвэл эрх хүү нь үү. Энэ тухай Н.Оюундарь гишүүн тайлбар хийхдээ “Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан” гэсэн байдаг.
Мөн түүний хүү С.Бат-Ерөөл хэлэхдээ “Миний 80 хувийн хувь эзэмшдэг “Рэд стар клуб” компани ЖДҮХС-тай 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж, зургадугаар сарын 11нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах дөрвөн улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор хангах төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч ЖДҮХС-тай холбоотой асуудлаас болж зээлээ хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа” хэмээн аархсан. Ямартай ч ээж, хүү альных нь ч бай тэдний мэдлийн барилгад (хуучин Архивын ерөнхий газрын байр) “Ред стар” нэртэй биллиард тоглоомын газар байдаг нь лав санаандгүй давхцал биш байх. Үүнээс гадна тус компани нь дэргэдээ “Ньюстар финанс” нэртэй банк бус санхүүгийн байгууллагатай. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, шинэ салбараа байгуулжээ. Бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүү нь жилд дунджаар 36 хувь.
УИХ дахь залуусын дуу хоолой хэмээгдэх дуртай Н.Учрал гишүүн аав Н.Ням-Осорынхоо нэр дээрх “Хүннү” ХХК-д нэр нөлөөллөө ашиглан ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч өгөөгүй хэмээн мэлзсэн ч тусыг эс олсон. Удалгүй ЖДҮХС-ийн зээлээ задгай мөнгө зарцуулж байгаа мэт “Одоо төлчихье” хэмээн аархсан хүн. Тэрбээр “Хүннү” ХХК 100 хувь миний аав Н.НямОсорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Тиймээс би албан ёсны тайлбар хийж байна. Аавын минь 1992 онд байгуулсан энэ компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮХС-аас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлээд, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тус зээлийг авсан байна” гээд л бүхэл бүтэн 950 сая төгрөгийг шилжүүлчихсэн. Түүний хувийн орлого 2015 онд 225.6 сая төгрөг байсан бол өнгөрсөн жил 449.6 саяыг олсон байна. Нас залуу ч хэдийнэ 1.4 тэрбумыг хадгаламждаа хийгээд амжсан гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. “Рояал Академи”, “Гоц жаалууд цэцэрлэг”, “Массив трейд”, “Грийн Ланд групп”, “Их Засаг олон улсын их сургууль”, “Эвэргрийнлайф” компаниудад 30-100 хувийн эзэмшилтэй. Мөн 475 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan Tiida, Mercedes Benz, S550, Lexus570 маркийн төмөр хүлгүүдтэй аж. Түүний аавын “Хүннү” групп 2014 оноос “Хүннү финанс” банк бус санхүүгийн байгууллагыг ажиллуулж иржээ. Тус банк бус санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн хүү сард дунджаар 2.63 хувь, жилийнх нь 31.236 хувь.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр дөрвөн хүний нэрийг УИХ-д оруулж ирсний нэг нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон Г.Солтан байлаа. Прокурорын яллах дүгнэлттэй ч танилцаагүй гэх бөгөөд хэвлэлд ганц үг ган хийгээгүй эрхэм гишүүн “Монгол шаазан” компанийг 100 хувь эзэмшдэг. Тус компани ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг мөн л гурван хувийн хүүтэйгээр авсан. АТГ-д өгсөн мэдүүлгийн хувьд түүний хувийн орлого ганцхан жилийн дотор 22.7 саяас 384.3 сая төгрөг болж суга өсчээ. Дээр нь 515.1 сая төгрөгийн хадгаламжтайгаас гадна нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий зургаан үл хөдлөх хөрөнгөтэй.
Түүний хамт халдашгүй дархан байдлаа алдах шахсан Л.Энхболд гишүүний хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон билээ. Тэрбээр “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагаас хувь эзэмшдэг талаар мэдүүлэгтээ дурджээ. Тус банк бус санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн хүү сарын 33.5 хувь.Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө банк бус санхүүгийн байгууллагынхаа захирлаар ажилладаг байсан бөгөөд бусад банк бус санхүүгийн байгууллагын адил жилийн 40 орчим хувийн хүүтэй зээл гаргадаг. Үл хөдлөх хөрөнгийн хувьд 1.2 тэрбумаар үнэлэгдэх зургаан орон сууц, хоёр авто гражтай аж.
Прокуророос албан ёсоор оруулж ирсэн гурав дахь гишүүн бол эрдэнэтчүүдийг хоёр дахь удаагаа УИХ-д төлөөлж буй Д.Дамба-Очир гишүүн. Түүний нэр анхлан авто замтай холбогддог байсан бол энэ удаад ЖДҮХС-тай салшгүй хадагдаад байгаа. Мэдүүлэгтэй тусгасан орлого нь бусдыгаа бодбол харьцангуй даруухан ч энгийн иргэдийн гэр бүлээрээ 100 сар ажиллаж байж олох хэмжээний мөнгийг Д.ДамбаОчирынхон 12 сард хийчихдэг. ЖДҮХС-аас “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдэж албан тушаалаараа аархсан.
Прокуророос оруулж ирсэн дөрвийн сүүлийнх нь банкир хадагтай Б.Ундармаа. Тэрбээр УИХ-ын гишүүн болмогцоо 100 хувийн эзэмшлийн “Доктор МЭИК” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас 700 сая төгрөгийг зээл авсан байдаг. Тэгвэл 2018 оны мэдүүлгээсээ тус компанийг хассан байна. УИХ-ын гишүүд дундаа хамгийн олон компанитайд тооцогддог. Үүн дотор хэдхэн хоногийн өмнө дампуурлаа зарласан Капитал банкнаас гадна “Капитал премиум” банк бус санхүүгийн байгууллагын 100 хувь эзэмшдэг талаараа мэдүүлэгтээ бичиж байсан. Харин өнгөрсөн онд “Капитал премиум” банк бус санхүүгийн байгууллагаа мэдүүлгээсээ хасчээ. ЖДҮХС-ийн зээл жилийн гурван хувийн хүүтэй бол банк бус санхүүгийн байгууллагын сарын хүү дунджаар гурав, банкных 1.5 хувь байдаг. Тиймээс түүнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн прокурорын байгууллагаас шалгаж байгаа. Түүний орлого 2015 онд нэг тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил 24.4 сая болж огцом буурсан байна. Үүний адил гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2015 онд 1.2 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн жил 33.6 сая болжээ. Ийнхүү буурсантай нь зэрэгцэн эзэмшлийн банк нь дампуурч, ЖДҮХС-аас зээл татсан гэхээр яаж бодсон зүгээр давхцал биш гэлтэй. Тэрбээр одоо 1.2 тэрбумаар үнэлэгдэх газартай, 1.3 тэрбумын орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай байгууламж, үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжтай аж.
Ийнхүү энгийн хөдөлмөрчдийн ойн тоонд ч орохооргүй их орлоготой, эсвэл эд хөрөнгөтэй, бас албан тушаалын нөлөө ихтэй, халдашгүй дархан эрхтэй мөртлөө иргэдийн боломжоос хулгайлсан “ЖДҮ”-г гэмт хэрэг үзнэ гэх утгыг Ерөнхий прокурор асан эрхэм хэлчихсэн. Гэтэл УИХ-ын гишүүд хуулиар дархалсан бүрэн эрхийн цаана нуугдаагүй энгийн иргэд, шударгаар хөдөлмөрлөж буй жижиг бизнес эрхлэгчдийн боломжийг дээгүүрээ хуваагаад авчихсан юм. Одоогоор дээрх зургаан гишүүний дөрвийг нь хуулийн байгууллага албан ёсоор буруутгаад байгаа. Прокуророос дахин 10 орчим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирэх мэдээлэл байсан ч ҮАБЗ-ийн гишүүд хуулийн байгууллагуудын удирдлагуудыг оролдсоноор намжмал байдалд ороод байна. Гэвч олон нийтийн зүгээс ёс зүй хариуцлага шаардсаар ирсэн бөгөөд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЗТХийн сайд асан Я.Содбаатар нар л ЖДҮХС-тай холбоотойгоор Засгийн газрын гишүүнээсээ огцорч хариуцлагаа үүрээд байна. Прокурорын мэдээллээр ЖДҮХС 134 компанид зээл олгосон байдаг.
Үргэлжлэл бий...