1778 оны наймдугаар сард Америкийн Тусгаар тогтнолын дайнд оролцож байсан 13 хөлөг онгоц Рөүд Айрландын ойролцоо эвдэрч зогссон байдаг. Тэдний дунд “Лорд Сэндвич-2” буюу Британийн Эзэн хааны “Эндэвор” хөлөг байжээ. 30 метр урт хөлөг онгоцыг алдарт усан цэргийн Ахмад Жеймс Күк удирдаж байсан гэдгээр нь бид сайн мэднэ. 1770 онд Австрали тивийн зүүн эрэг Ботани Бэйд хүрч байсан “Эндэвор” хөлгийг олсон байна.
Америкийн эзэмшил Шинэ Английн Рөүд Айрландад нам зогссон хөлөг онгоцууд аажимдаа тарж бутран далайн ёроолд живсэн түүхтэй. Тэгвэл 25 жилийн археологийн судалгааны дүнд хайгуулчид хөлгийн эд ангийн хэсгийг олсон байна. Хайгуулчдын олсон зүйл хөлгийн гуалин модны хэсэг байжээ. Рөүд Айрланд тэнгисийн археологийн төслийн баг хөлөг онгоцны их биеийн байршлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. 2020 онд Ахмад Күк Эзэн хааны хөлөг онгоцоороо Австрали тив рүү аялсны 250 жилийн ой тохионо. Ойг угтаж эрэл хайгуулын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
“Хөлөг онгоцыг хаана байгааг бараг олж тогтоосон. Тун ойрхон байна. Бид хайгуулын ажлаа амжилттай гүйцэтгэвэл дэлхий дахинд төдийгүй австраличуудын хувьд түүхэн чухал үйл явдал болно” гэж төслийн удирдагч Кэти Аббасс мэдэгджээ.
Судлаачид гуалин модны хэсэг олдсон газрын эргэн тойронд малталт хийх юм байна. Домогт усан онгоцны ахмад Жэймс Күкийн “Эндэвор” онгоцыг английн нарс, царс, хайлаас модоор хийсэн байдаг. Британийн эзэн хааны “Эндэвор”-той хамт живсэн бусад онгоцуудыг Америк, Энэтхэг гуалингуудаар хийсэн байжээ. Тиймээс хайгуулын ажлыг илүү үр дүнтэй, итгэлтэй болгохын тулд олдоод байгаа гуалинг Британид үйлдвэрлэсэн эсэхийг шалгаж байна. “Эндэвор” хөлөг дээр Америкийн тусгаар тогтнолын дайны үед баригдсан цэргүүдийг хорьдог байжээ. Хожим нь “Лорд Сэндвич-2” гэж нэрлэсэн юм.
Эх сурвалж: www.qz.com