Израйлийн есөн сая иргэн өнөөдөр Парламентын гишүүдээ сонгож байна. Сонгуулийн товыг энэ жилийн 11 дүгээр сард тогтсон байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан урагшлуулаад байгаа юм.
Эрх баригч Ликуд намын дарга Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху тав дахиа төр барихаар өрсөлдөж байна. Гэхдээ энэ жил 70 хүрч яваа Ерөнхий сайд улиран сонгогдоход тун эргэлзээтэй, олон саад бартаа бий гэж ажиглагчид үзжээ.
Нэтаньяхугийн эсрэг авлигын хэрэг сөхөгдсөн ба цэргийн албанаас тэтгэврээ авч улс төрд хүч үзэж буй генерал Бенни Ганц ялалт байгуулж магадгүй өрсөлдөгчдийн нэг юм. Бенни Ганц Цэнхэр ба Цагаан эвслийг тэргүүлж байна.
Өнөөдрийн сонгуулиар 120 суудалтай Парламентад давамгайлах нам тодрохгүй бол оройны 22 цагт санал тоолохтой зэрэгцэн эвслийн Засгийн газар бүрдүүлэх тохиролцоонууд хийгдэж эхэлнэ.
Ерөнхий сайд Нэтаньяху сонгогчдод хандан улсын аюулгүй байдлыг хамгаалахын тулд баруун жигүүрийн нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалж байгаа юм. Авлигын хэрэгт холбогдсоноо улс төрийн өрсөлдөөний хохирогч болсон хэмээн мэдэгджээ.
Сонгуулийн өмнөх олон нийтийн урьдчилсан санал хураалтаар Нэтаньяху, Ганц нар шил шилээ даран тус бүр 30 суудал эзэлнэ гэж таамаглаад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com