Цайны цагийн зочин: ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг
ЭХЭМҮТ-өөс Өсвөр үеийн эрүүл мэндийн долоо хоногийг доорх сэдвийн хүрээнд зохион байгуулсан.
-Жендэр ба бэлгийн хөгжлийн асуудал
-Хоол, тэжээл амны хөндийн эрүүл мэнд
-Урьдчилан сэргийлэлт ба вакцин
-Хүчирхийлэл ба сэтгэцийн эрүүл мэнд
-Хорт бодисын хэрэглээ хор уршиг
Өсвөр насны хүүхдийн өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт хоол боловсруулах эрхтний тогтолцоо, гуравдугаарт гаднын шалтгаант гэмтэл, шээс бэлгийн тогтолцооны эмгэг дийлэнх тохиолдол илэрч байна. Иймд урьдчилан сэргийлэх энэ талын мэдлэг мэдээлэл маш их хэрэгтэй байна.
Эцэг, эхчүүд таван нас хүртэлх хүүхдийн хоол унд, хувцаслалт, эрүүл мэндэд нь анхаарал, халамж хандуулдаг. Гэтэл эцэг, эхийн зүгээс өсвөр насанд нь халамж, анхаарал, дотно нь байдал арай багасдаг буюу анхаарал халамж бага үзүүлдэг. Энэ насныхны онцлог нь үерхэж, нөхөрлөх байдаг бөгөөд энэ үед эцэг, эхээсээ зай барих үе л дээ. Гэхдээ эцэг, эхчүүд тусалсан, дэмжсэн, эрүүл энх бойжиход нь дэмжих хэрэгтэй. Өсвөр насанд хүүхдийн өсөлт хамгийн идэвхтэй байдаг тул энэ үед өглөөний цайг тогтмол уулгаж, амин дэмтэй хоол унд өгч байх хэрэгтэй.
Улсын хэмжээнд жилд 16 мянган бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол бүртгэгддэг. Үүний 35-40 орчим нь 15-24 насныханд байна. Тэгэхээр энэ насныханд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, бэлгийн замаар дамжих халдварын тархалт нэлээд их байна гэсэн үг.
Судалгаанаас эрүүл мэндийн боловсрол, бэлгийн амьдралын талаар өсвөрийн үеийнхний 28 хувь нь эцэг, эхтэй ярилцдаг бол үлдсэн нь найз нөхөд, хэвлэл мэдээллээс энэ талаарх мэдээлэл авдаг.
Гэхдээ найз нөхөд, хэвлэл мэдээллээр авч байгаа мэдээлэл хэр бодитой, үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй. Сүүлийн гурван жил ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орохгүй байсан ч энэ жилээс орж эхэлж байгаа. Эрүүл мэндийн хичээл нь нас насанд нь тохирсон, тодорхой бүтэцтэй, программын дагуу зааж чадах юм бол хүүхэд маш их мэдээллийг эндээс авах боломжтой.
Өсвөр насны хүүхдүүд өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл манай клиникийн 80809106 гэсэн дугаараар холбогдож болно.
Санаа бодлыг нь сонсохгүй байх, эсвэл хэтэрхий их хянах, цагдах байдал нь өсвөр үеийнхэнд нь таалагддаггүй
Охидын хувьд дийлэх нь бэлгийн бойжилттой холбоотой асуудлаар манай клиникт хандсан байдаг. Хөвгүүдийн хувьд бэлгийн бойжилт болон бэлгийн замын халдварт өвчний талаар ханддаг. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн өөрсдөө мэдээлэл сайтай болсон тул манайд хандан сургууль дээрээ мэдээлэл, сурталчилгаа авах хүсэлтээ гаргадаг болсон.
10-15 насандаа хүүхдүүдийн хувьд найзуудтайгаа илүү харилцаж, тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэхийг бодож, найзууд нь юу хийж байна тэрийг дагаж хийх, тэднийг алдахыг хүсдэггүй. Энэ үед нь эцэг, эхчүүд хүүхэд нь бие хүн болж төлөвшиж байгааг ойлгохгүй, тэднээр сонголтыг хийлгэдэггүй. Гэтэл эцэг, эхчүүд бага насны хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг өөрийнхөө юмыг тулгах, санаа бодлыг нь сонсохгүй байх, эсвэл хэтэрхий их хянах, цагдах байдал нь өсвөр үеийнхэнд нь таалагддаггүй. Өсвөрийн үеийнхэнтэй харилцах хамгийн гол арга бол сонсох. Тэднийг юу бодож, чөлөөт цагаараа юу хийж байна гэдгийг сонсох, алдаа оноотой зүйлийнх нь талаар саналаа солилцож, чи юу гэж бодож байна би ингэж бодож байна хэмээн саналаа солилцох. Өсвөр насны хамгийн гол хэрэгцээ бол тэднийг сонсооч, томчууд бид нарыг сонсооч гэж хүсдэг. Тэдэнд шууд зааж, загнана нь гэдэг бол тэдэнтэй харилцах арга ерөөсөө биш. Өсвөр үеийнхнийг сонсох, хүндэтгэх, харилцан ярих, санал солилцох нь хамгийн сайн арга юм.