Америкийн зуучлагч Рик Сингерээр дамжуулан хүүхдүүдээ нэр хүндтэй их дээд сургуулиудад хууль бусаар оруулсан чинээлэг 13 гэр бүлийн эцэг эхчүүд, дасгалжуулагчийн хамт авлигын хэргээр шүүхийн хаалга татсан. Тэдний дунд “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын гол дүрийн жүжигчин Фелисити Хафмэн багтсан байсан юм.
Хафмэн охиноо нэр хүндтэй их сургуульд элсүүлэхийн тулд 15,000 ам.долларын авлига өгснөөр дээд тал нь 20 жил хүртэл хоригдож магадгүй болжээ. Хорих ял сонсохгүй байлаа гэхэд багадаа 20,000 ам.долларын торгууль төлж жилийн турш тэнсэн харгалзах ял сонсно гэсэн байна.
Жүжигчин Хафмэнийг гэм буруутай гэж шүүхээс үзсэний дараа “би өөрийн гэм бурууг зуун хувь хүлээж байна. Чин сэтгэлээсээ харамсаж, хийсэн зүйлээсээ ичиж байгаа учраас хариуцлагаа бүрэн хүлээнэ. Гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, боловсролын салбарынхны өмнө ичгэвэртэй үйлдэл гаргасандаа сэтгэл өвдөж байна. Та бүгдээс, нэн ялангуяа коллежид орохын тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж байгаа оюутнууд, тэдний эцэг эхчүүдээс уучлалт гуйхыг хүсч байна. Охин минь миний хийсэн үйлдлийн талаар огт мэдээгүй байсан юм. Охиндоо туслах гэсэн хүсэл минь хууль зөрчсөн, шударга бус үйлдэл байсан” хэмээн мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: www.cnn.com