Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, АН-ын гишүүн Д.Оросоо нар өнөөдөр 12 цагаас Үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн 2016 оны орон нутгийн сонгуульд АН 22 суудал, МАН 19 суудал авч байсан. Гэвч МАН-ынхан Нийслэлд олонх болсон эрх мэдлээрээ түрий барьж дүүргийн эрх мэдэлд шууд халдсан. Ялангуяа сонгогчдын сонголтыг сонгуулийн бус аргаар булаан авах ажлыг зохион байгууллаа. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүн ам нийслэлийн нийт хүн амын 50 хувийг дангаараа эзэлдэг. Хүн ам ихтэй энэ дүүргийг булаан авах ажлыг МАН сонгуулийн өмнөх жил бүр эрчимтэйгээр хийж байна. МАН-ынхан хууль бус дахин сонгуулийг гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Тэр сонгууль дээрээ мөнгө тараасан нь баримтаар тогтоогдсон. Мөн өөр бусад ямар хуулиудыг ноцтой зөрчсөнийг манай хуульч хэлнэ” гэв.
АН-ын гишүүн хуульч Д.Оросоо “Баянзүрх дүүрэгт болсон хууль бус дахин сонгуулийн дүнг үндэслэж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Б/41, Б/42 дугаартай захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахыг чөлөөлж, Э.Бат-Амгаланг шинээр томиллоо. Т.Баясахыг чөлөөлсөн захирамжийг гаргахдаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах ажлаас чөлөөлөх өргөдлөө өгсөн гэж үндэслэл хэсэгт заасан байсан. Гэтэл бодит байдал тэр өргөдлийг Т.Баясах өгөөгүй. Энэ захирамжийг гаргахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн 22.1-д заасныг зөрчсөн гэж АТГ-т хандаж байна. Нийслэлийн Засаг дарга нь хүн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй байхад ийм улайм цайм, илт хууль бус шийдвэр гаргаж болохгүй ээ.
Мөн Нийслэлийн сонгуулийн хорооны зохион байгуулсан дахин сонгуультай холбоотой гаргасан бүх шийдвэрийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн. Нэгэнт шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр гарчихсан байхад шинээр сонгогдсон гэх хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар ярих боломж байхгүй. Гэтэл бүрэн эрхгүй хүмүүсийг иргэдийн төлөөлөгч болсон мэтээр яриад яваад байж болохгүй.
Нэмж хэлэхэд Баянзүрх дүүрэгт болсон дахин сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хуулийн холбогдох заалтыг нь Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгочихсон байсан. Хүчингүй болчихсон хуулийг ашиглаж, хууль бусаар асуудлыг шийдэхээр дайрч байгаад харамсаж байна” гэв.
Хурлын төгсгөлд Д.Пүрэвдаваа “АН сандал суудлын төлөө зууралдаад тэмцээд байгаа зүйл байхгүй ээ. Харин сонгуулиар ард иргэдээс олгосон эрхийг аль нэг нам булааж авч байгаа зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс бид хуульт ёсыг тогтоохын төлөө тэмцсээр байгаа” гэсэн юм.