Токиогийн их сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хүн амын дунд хэт оройтож бэлгийн буюу дотно харилцаанд орох явдал нэмэгдсэн болохыг танилцуулжээ. Шинээр хийсэн судалгаагаар япончууд Америк, Их Британитай харьцуулахад дотно харилцаанд хамаагүй хожуу ордог байна.
Судалгаанд 18-39 насны 20,000 орчим иргэний мэдээллийг ашиглажээ.
1992 онд 18-39 насны япон эмэгтэйчүүдийн 21 хувь нь бэлгийн харилцаанд орж байгаагүй гэсэн судалгаа байдаг бол 2015 онд энэ тоо 24,6 хувь болж нэмэгджээ. Эрчүүдийн дунд ч ялгаагүй 1992 онд 20 хувь байсан бол 25,8 хувь буюу бараг зургаан хувиар нэмэгдсэн байна.
Хүн амын 20 хувь нь 65-аас дээш насныхан.
Энэ нь үндэсний хэмжээнд анхаарвал зохих нийгмийн эрүүл мэндийн хүндхэн асуудал болж байгааг Токиогийн их сургуулийн мэргэжилтэн Петр Уэда хэллээ. Японы хүн амын насжилт хурдацтай явагдаж байгаа тул төрөлтийг өсгөх нь чухал. 2017 онд улс даяар 946,060 хүүхэд шинээр мэндэлсэн нь 1899 оноос хойш хамгийн бага үзүүлэлт юм. Гэтэл хөгжлөөрөө Япон оронтой дүйцэхүйц Их Британи, Америк, Австрали улсуудад 18-30 насныхны 1-5 хувь нь л дотно харилцаанд орж үзээгүй байдаг ажээ.
Нөгөө талаар эдийн засгийн байдал хүн амын нөхөн үржихүйн асуудалд томоохон байр суурь эзэлж байна. Тодруулбал орлого багатай эрчүүд эсрэг хүйсний хүнтэйгээ дотно харилцаанд орох нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Нөхөн үржихүйн идэвхтэй насан дээрээ дотно харилцаанд ороогүй иргэдийн тоо нэмэгдсэн нь дараах хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж Токио дахь Софиа их сургуулийн профессор Кухэ Чү үзжээ. Үүнд:
- Япон улс хэдийгээр олон тэрбум доллараар үнэлэгдэхүйц насанд хүрэгчдийн кино зах зээлтэй боловч энэ талаарх ойлголт хаалттай хэвээр үлдсэн. Дотно харилцаа бол бохир заваан зүйл мэт үзэгддэг. Энэ талаар үг хэлж, яриа дэлгэхийг хүсдэггүй.
- Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа Япончуудын дунд барууныхны нээлттэй чөлөөтэй дотно харилцаа ичгэвтэр зүйл мэт санагддаг болсон.
- 1940-1980-аад оны хооронд Японд эдийн засаг хурдацтай өсч цагаан захтай залуу ажилтнуудын тоо нэмэгдсэн. Тэд хэт уртасгасан цагаар ажиллаж, амьдралынхаа туршид ажилтан байсаар дуусдаг.
- 90-ээд оноос Японы эдийн засгийн хурдацтай өсөлт саарсан ч энэ нь мөн л эр эмийн харилцаанд сөргөөр нөлөөлөв. Эрчүүд эмэгтэй хүнтэй гэр бүл болж амьдрах, амьдралаа авч явахад санхүүгийн бэрхшээлтэй тулгарахаас эмээж эхэлсэн.
- Техник технологи хөгжсөнөөр бодит байдал дээр амьдрал зохиохоос илүү цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгогчид олширсон. Зарим тохиолдолд 3D дүрслэлт хүүхэлдэйг өөрийн дотны хамтрагчаар сонгох, интернэт харилцаанд донтогчид нэмэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com