Хүн амын дийлэнх нь Буддын шашин шүтдэг Мьянмар улсад исламын шашинтай Рохинжачуудын эсрэг хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсаар ирсэн. Гааг хот дахь Олон улсын Гэмт хэргийн шүүх Рохинжачуудын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгаж эхэлсэн байна.
Мьянмар улсын Засгийн газар исламын шашинтай цөөнх иргэдийг хавчин дарамталж олон мянган хүн амиа алдаж, 700,000 хүн дүрвэсэн. Хэрэв урьдчилсан мөрдлөгөөр гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь нотлогдвол Олон улсын Гэмт хэргийн шүүхийн мөрдөн шалгах ажил албан ёсоор эхлэх юм.
Өнгөрсөн мягмар гаригт НҮБ Рохинжа Исламчуудын эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тухай 444 хуудас материалыг танилцуулсан юм. НҮБ-аас Мьянмар улсын цэргийн эрх мэдэлтнүүдэд геноцид буюу гэмгүй иргэдийг үй олноор нь хомроглон устгасан хэргийг мөрдөн шалгах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Энэ мэтчилэн хүний эрхийн байгууллагууд цэргийн Хунтын дэглэмээ устгаж Ардчиллыг хөгжүүлээд удаагүй байгаа Мьянмарын эрх баригчдыг буруутгасаар ирсэн ч тэд хэргээ цайруулахыг оролдож байна гэжээ.
Рохинжагийн зэвсэгт этгээдүүд Рахин муж дахь Засгийн газрын цагдаагийн пост руу дайрснаас эмх замбараагүй байдал газар авсан гэж үздэг. Засгийн газрын цэрэг цагдаа болон Рохинжачуудын мөргөлдөөнөөс үүдэн олон зуун мянган иргэн Бангладеш улс руу хил даван дүрвэсэн.
Эх сурвалж: www.bbc.com