Г.Отгонжаргал
“Монгол Улсын банкны систем бүрэн тогтворжсон” хэмээн том дуугарч, төлөв төвшин ухаалаг төрхний ард учир байдлыг нууж ирсэн Монголбанкны удирдлагууд өчигдөр албан ёсоор Капитал банкны дампуурлыг зарлалаа. Тэртээ ардчилсан хувьсгалын төлөөх эрх чөлөөний дуу хоолой Монгол Улс даяар түрэн эгшиглэж, ардчилагчид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж суухтай зэрэгцэн зах зээлийн эдийн засгийн өндөр мэдрэмжтэй нэгэн эрхэм Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк гэгчийг байгуулсан нь өнөөдрийн Капитал банк. Нэгэн үе Шинэчлэл гэдэг нэртэй явсан түүх ч тус банкинд харьяалагдана. Улмаар 2003 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр 29 жилийн дараа эцсийн цэг нь хатгагдаж буй Капитал гэдгээр нэрээ сольсон бөгөөд 2004 оноос эхлэн төрөөс иргэдэд олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг үзүүлж ирсэн түүхтэй. Мөн өнгөрсөн хугацаанд “Бишрэлт” группын мэдэлд 99.97 хувь нь байж ирсэн бөгөөд УИХын гишүүн Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболд эзэн болоод ерөнхий удирдлагаас ангижирч холдсон нь үгүй.
Товчхондоо, Монголын бусад 13 арилжааны банк хувь эзэмшилдээ өөрчлөлт оруулах, шинэчлэх, удирдах зөвлөлийн гишүүдээ сэлгэх гээд эзэн болон гүйцэтгэгчийн эрх үүргийг салгаж, удирдлага менежментийн шинэчлэлийг тодорхой үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн байхад харин Капитал банкны хувьд А.Ариунболдын гэдэг хаалттай системд захирагдаж ирсэн түүхтэй.
Тиймээс ч тус банктай болон банкны удирдлагуудтай холбоотой олон удаагийн гомдол шүүхийн шатанд замхарч, зайлшгүй удирдлагатай нь холбогдох хэрэг маргаанд жирийн ажилтнууд нь хохирч ял үүрч гарсан түүх ч бий. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл Капитал банкийг зах зээлийн зарчим болоод арилжааны банкны нээлттэй байх эрх, үүрэг бус гагцхүү А.Ариунболд болон УИХ-ын гишүүн Б.Ундармаа гэсэн хоёрхон хүн гэр бүлээрээ хоршин удирдсан гэж болно. Тэгсэн атлаа, үйл ажиллагааных нь 28 салбар, 167 мянган харилцагч, 56 мянган хадгаламж эзэмшигчээр хэмжигддэг.
Иймд Монголбанкны өчигдрийн мэдэгдлийг “Банк дампуурчээ”, “Банк дампуурсан гэнэ” гэдэг хөндлөнгийн хандлагаар дүгнээд, эс бол мэдээллээд өнгөрөх нь өрөөсгөл юм. Учир нь, Капитал банкны үйл ажиллагаа доголдож, харилцагчид нь хохирч, төлбөрийн чадваргүй болоод байгаа тухай, төрийн мөнгийг төвлөрүүлчихээд эргэн төлөлт хийхээс зайлсхийж буй мэдээлэл өчигдөр, өнөөдөр яригдсан асуудал биш. Бүр хагас жил, эсвэл жилээр яригдах тийм богинохон ч хугацаа биш. Тодруулбал, энэ тухай мэдээлэл тэртээ 2014 оноос эхлэн яригдаж эхэлсэн бөгөөд тодорхой гомдол санал, сэтгэгдэл ч Монголбанк болон төр засаг руу хаяглагдаж ирсэн нь нууц биш. Гагцхүү энэ хугацаанд Төв банк болон Капитал банкны зүгээс “Асуудалгүй. Хэвийн ажиллаж байгаа” гэдэг тайлбарыг хийсээр ирсэн байдаг юм. Нэг ёсны иргэд өөрсдийнхөө мөнгөний төлөө санаа тавьсандаа уг гомдол, саналыг хэлж, тайлбарласан бол Төв банк яг үнэндээ түмний мөнгөний төлөө яагаад яаралтай арга хэмжээ авсангүй вэ гэдэг нь ирэх өдрүүдийн сонирхол татах сэдэв болох нь зүйн хэрэг. Гэхдээ энэ тухай мэдээллүүдийг үргэлжлүүлэн хүргэхээс урьтаад асуудлыг илүү ойлгомжтой байлгах үүднээс төгсгөлөөс нь буюу өчигдрөөс, тодруулбал “Капитал банк дампуурлаа” гэдэг Монголбанкны мэдээллээс эхлүүлье.
ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ “САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ” ХЭМЭЭН ТАЙВШРУУЛЖ БАЙХ ХООРОНД КАПИТАЛ БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЬ 208 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Энэ тухай мэдээллэсэн Төв банкны мэдээллийн агуулга нь “Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банк эрх хүлээн авагч томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын наймны өдрийн 72 тоот тогтоолоор тус банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв” хэмээсэн бөгөөд энэ шийдвэрийг гаргах хүртэлх тодорхой хугацаанд тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэ нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцсэн байжээ.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Олон улсын валютын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсын банк санхүүгийн салбар тогтворжсон гэдэг мэдээллийг 2018 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр буюу яг нэг жилийн өмнө өгсөн байдаг. Үүнийг шүүх цагдаагаар эргэлдэх, нэр төрөө сэргээлэх нэхэмжлэхэд түүртэж, ээрэгдэхгүйн тулд түүний “Үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлд нь тогтвортой байна гэж дүгнэсэн” гэсэн итгэл даахуйц, итгэл хүлээлгэхүйц гарчигтай ярилцлагынх нь “Активын чанарын үнэлгээгээр банкны салбарын төлбөрийн чадварыг бүхэлд нь тогтвортой байна гэж дүгнэлээ.
Банкууд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг хангахад ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө нэмж бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ нь Монголбанкны тооцож байсан хэмжээтэй ойролцоо дүн юм. Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний үнэ нэмэгдсэн, өнгөрсөн жилийн ДНБ тав орчим хувиар өслөө. Цаашид эдийн засаг бүхэлдээ сэргэж байгаа нөхцөлд банкуудын хувьд өөрийн үйл ажиллагаагаар нөхөж чадна гэж үзэж байна... Банкны салбарын хэвийн үйл ажиллагаа нь найдвартай байх нөхцөл, боломжийг Монголбанкны зүгээс бүрдүүлээд ажиллаж байна. Иргэд, банкны харилцагч нар санаа зовохгүй, тайван байж болно” гэсэн хэсгээр нотлон хүргэе. Гол нь, дээрх тайлбар, дүгнэлтийг Капитал банкны дампуурлын мэдээтэй хамт хүргэж буй шалтгаан нь дахин, дахин хэлэхэд, бичихэд нэг жилийн хугацаанд эхлээд төгссөн уналт байгаагүйд оршиж буй.
КАПИТАЛ БАНКНЫ ШОШГОТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН 13 ЗӨРЧИЛ БУЮУ 2013 ОНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС
Тус банкны хөрөнгө оруулагчид буюу А.Ариунболд, Б.Ундармаа нар гүйцэтгэх удирдлагаараа дамжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар ажилтан, ажиллагсдынхаа эрх ашгийг хохироож буй гомдол Хүний эрхийн комисст 2013 онд хаяглагдаж, олноо ил болсон нь боловсон дээрмийг хэрхэн хуулийн сиймхийгээр арга заль ашиглан хийж болдог вэ гэдгийг үлгэрлэсэн жишиг байв. Учир нь, тус банкинд шинээр ажилд орсон эмэгтэй ажилтнууд 2-3 жилийн хугацаанд жирэмсэлж болохгүй гэдэг заалттай хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах ёстой бөгөөд хэрэв жирэмсний амралт авч, гэрээгээ зөрчсөн тохиолдолд ажилласан хугацааных нь цалингийн 50 хувийг суутгаж авах эрх Капитал банкинд ногоон гэрлээр үүсдэг байсан юм. Мөн цаашид дахин тус банкинд ажиллах эрхгүй болж, халагдах тушаалтай, цалингийн суутгалын өртэйгөөр бүл нэмэх баяр хөөр битгий хэл хэрүүл тэмцэлтэй хаалга хааж гарна аа гэсэн үг. Энэхүү гэрээг нь эсэргүүцэж, нэр бүхий эмэгтэй Хүний эрхийн комисст гомдол гаргаснаар тус банкинд шалгалт хийхэд хүний эрхийн 13 зөрчил илэрсэн байдаг. Хачирхалтай нь, тус банкны удирдлага болон хуулийн зөвлөх нь Хүний эрхийн комиссийн дүгнэлт, зөвлөмжийг хувийн банкинд хэрэгжүүлэх боломжгүй хэмээн, хөсөр хаясан гэмтэй.
АЖИЛЧИДТАЙГАА ХИЙСЭН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ДУР МЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХААЛГА ҮҮДИЙГ НЬ ХӨШСӨН НЬ
Мөн л 2013 оны үйл явдал. Дампуурсан тухай мэдээлэлтэй нь холбогдуулан хар бараан мэдээллийг нь өнгөрсөн түүхээс нь сөхөж бичих нь зохимжгүй мэт зарим хүнд санагдаж болох ч эцсийн бүлэгт энэ бүх мэдээллийг тухайн цаг үед Монголын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага бичиж, араас нь хөөцөлдөж, нэхэн сурвалжилж, гэм буруутай, буруугүйн тухай тайлбар мэдээллийг бэлтгэж байсан ч харамсалтай нь шүүхээр айлгах, дарамтлах гээд цөөнгүй дарамтын өмнө сөхөрч үлдэх нь олонтаа байлаа.
Тэр дундаа, үргэлжлүүлэн бичигдэх ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохоор гар хөлийн үсгээ зуралцсан гэрээгээ Капиталын удирдлагууд мөн л дур мэдэн өөрчилсөн энэ түүх хамгаалалтын албаны хүчээр айл гэрийг хэрхэн түйвээж, айлгаж сандаргаж болдгийг мөн л бусад бизнес эрхлэгчдэд үлгэрлэсэн гэж болно.
Учрыг тайлбарлаваас 2012 онд 80 гаруй ажилтандаа нэг метр квадратыг нь нэг сая 350 мянган төгрөгөөр борлуулахаар гэрээ байгуулсан орон сууцныхаа үнийг 2013 онд дур мэдэн нэг сая 800 мянган төгрөг болгон бүхэл бүтэн 450 мянган төгрөг нэмээд зогсохгүй үүнийг нь эсэргүүцсэн ажилтнуудаа ажлаас нь халж, улмаар байрыг нь булаан авахаар шулуудсан байдаг. Үүндээ хамгаалалтын алба хөлсөлж, шөнө орой гэр рүү нь явуулах, хаалга үүдийг нь нүдэх, эвдэж орох гэх мэт хууль бус үйлдэл ашиглаж байсан нь өдгөө баримтаар нотлогддог. Гол нь, тус банкны зүгээс 80 орчим ажилтандаа гэнэт хөнгөлөлттэй нөхцөлөөр байр өгөх болсон шалтгаан нь нэр бүхий гурван барилгын компанид олгосон зээлийнх нь эргэн төлөлт удааширч, Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн хэмжээ нь өндөр гарах нь тодорхой болсон цаг үетэй давхцаж байсан юм. Нэг ёсны Монголбанкны шалгалтаас нэг удаад буюу 2012 онд бултах арга нь ажилтан, ажиллагсаддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон бөгөөд урьдчилгаа төлбөрийн төлөлт дутуу байгаа гэдэг тайлбараар аргацаах арга саам бодож олсон явдал байжээ. Тиймээс ч шалгалт өнгөрсний дараа байрныхаа нэг метр.квадратын үнийг 450 мянган төгрөгөөр нэмж, төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр хөөж гарган байраа суллаж авах арга хэрэгжүүлсэн түүх нь энэ. Иймд 2013 оноос Капитал банкны дампуурлын эхлэл тавигдсан гэвэл худлаа болохгүй л болов уу.
ХАРИЛЦАГЧДЫНХАА ХАДГАЛАМЖИЙГ “МАРЖИН ХУДАЛДАА”-НД ТАВЬЖ ТОГЛООД ЭЗЭН ҮЛДЭЖ, АЖИЛТАН ЯЛЛАГДАВ
Энэ бас их сонин түүх. 2015 онд тус банкны эзэн болоод гүйцэтгэх захирал А.Ариунболд баталгаат дэнчин буюу “маржин худалдаа”-нд увуулж, цувуулсаар харилцагчдынхаа хоёр тэрбум төгрөгийг тавьж тоглоод алдсан байдаг. Үүндээ мэдээж банкныхаа Санхүү удирдлагын газрын дарга болон нэр бүхий теллер нарыг оролцуулсан ч эцсийн бүлэгт хариуцлага хүлээх болоход банкны дотоод хяналт муу, доод ажилтнууд нь ажлаа зохих журмын дагуу хийгээгүй гэдгээрээ арван жилийн хорих ял авсан. Харин А.Ариунболд мөн л сугараад үлдсэн. Зөвхөн “Итгэлцлийн журмаар хяналт тавихгүй гарын үсэг зурсан” гэдэг тайлбар хэлээд шүүхийн хаалгаар эрх чөлөөтэй алхаад гарсны нууц өдгөө ч тайлагдаагүй яваа. Мөн энэ үеэс хойш дахин тоглосон уу, үгүй юу гэдэг нь бас л нууц.
-ТӨРИЙН САНД ОРОХ ЁСТОЙ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧИВ? -КАПИТАЛ БАНК ТҮГЖЧИХСЭН.
Өчигдрийн хэрэг явдлаас үүдэн сониныхоо архив хэсгийг ухав. Учир нь, архивт “Капитал банк төрийн санд орох ёстой хоёр тэрбум төгрөгийг түгжжээ” гэсэн материалыг 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр бичиж байсан удаатай юм. Тэрхүү баримтыг сэргээн хүргэх нь ээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төрийн санд тушаах ёстой хоёр тэрбум төгрөгийн гүйлгээг 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр Капитал банк руу шилжүүлсэн бөгөөд нийтлэл бичигдсэн өдрийг хүртэл тус банк уг мөнгийг Төрийн сан руу шилжүүлээгүйгээр барахгүй “системийн алдаа” төдийхнөөр тайлбарласаар ирсэн байдаг. Бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд хоёр тэрбум төгрөгийг гацаадаг арилжааны банк байна гэж ер нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Тиймээс л төрийн мөнгийг төрд нь өгөөч ээ хэмээн уг нийтлэлийг бичиж байжээ. Одоо эргэн санах нь ээ, тус банкны төлбөр тооцоонд эрсдэл үүсч, асуудал нь хурцдаж ирсний илрэл нь мөн л энэ баримт байсан бололтой юм.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САН”-ГИЙН 7.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АВАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БАЙГААГАА ЗАРЛАВ
Ийн төлбөр тооцоонд эрсдэл үүсч, тус банк төлбөрийн чадваргүй болчихоод байгааг гэрчлэх баримт нэг хоёроор дутахгүй олон нийтэд ил болж эхэлсний нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн өнгөрсөн онд хийсэн мэдээлэл байсан юм. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийн сан”-гийн 7.6 тэрбум төгрөгийг 2017 онд хоёр жилийн хугацаатай Капитал банкинд хадгалуулсны хугацаа нь 2017 оны есдүгээр сард дуусч, 2018 оны гуравдугаар сард буцааж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл өгсөнгүй ээ. Гэтэл уг сангийн шугамаар тус банкинд аудитын тайлан шалгалт оруулахад 7.6 тэрбум төгрөгийн талыг нь буюу тавин хувийг нь зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон тухай мэдээлэл өгсөн бөгөөд сүүлд нь “Капитал банкнаас эргэн төлөлтийн график гаргаж өгөх хүсэлт тавьсан” гэдэг тайлбар өгсөн байдаг. Нэг ёсны нийтлэлийн эхэнд дурьдаж байсанчлан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг “Арилжааны банкууддаа итгэ. Санаа зовох хэрэггүй” хэмээн ярилцлага өгч байх хооронд Капитал банк төлбөрийн чадваргүй болчихсон байсан бололтой юм аа.
НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН МӨНГӨӨ ХАДГАЛУУЛАНГАА ЗЭЭЛҮҮЛСЭН ҮҮ
2014 онд шүү дээ. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн дарга Б.Одгэрэл болон Капитал банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Янжин нар хамтран ажиллах гэрээнд мөн оны аравдугаар сард гарын үсэг зурсан нь тус сангийн мөнгийг олгох эрхийг бусад арилжааны банкуудтай өрсөлдөж, сонгон шалгаруулалтаар авсныг батлах үйл явдал байлаа. Гэхдээ уг мөнгө нийслэлийн 71 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тэгш хүртээмжтэй үнэнч шударгаар олгогдох ёстой байсан ч тус банк 2015 онд уг сангаасаа гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, дамжуулан зээлдүүлэх ёстой зээлээ замаас нь Капитал банкаа ашиглан өөрсдөө аваад байсан гэсэн үг. Сүүлд буюу өдгөө олон нийтийн дунд ид сэдэв болоод байгаа ЖДҮ-ийн зээлээс ч 2017 онд мөн л 700 сая төгрөгийн зээл аваад амжсан байх жишээний.
ТӨРИЙН НЭХЭМЖЛЭХ ХОХИРОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД 400 ТЭРБУМААР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ
Ерөнхий мэдээллээс харахад тус банкинд Хөдөлмөр эрхлэлтийн сангийн 7.6 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 131 тэрбум, ЖАЙКА төслийн 12 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 109 тэрбум болон Хөгжлийн банкнаас 51 тэрбум төгрөг байх ёстой гэдэг мэдээлэл бий.
Үүнийг ч УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдээллэсэн байх бөгөөд тэрбээр үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “Өнөөдөр Монголбанкны хяналтын зөвлөл хуралдаад Капитал банк дээр эрх хүлээн авагч тавьж байна. Энэ бол амаргүй шийдэл. Гэхдээ тус банк өөрийн хөрөнгөө он гараад бүрдүүлсэн. Капиталаас гадна бусад бүх банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэж ярьж байгаа. Тус банк гаднаас хөрөнгө оруулагч оруулж ирэх, Монголын аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө оруулна гэж нэлээд хугацаанд явсан. Өнөөдрийн байдлаар оруулж ирсэн зүйл алга. Гэхдээ хадгаламж эзэмшигчдийн хувьд айгаад байх явдалгүй. Яагаад гэхээр, хадгаламжийн даатгал дээр энэ банкны 42 тэрбум төгрөг байна. 20 сая төгрөгөөс доошхи бүх хадгаламжийг төрөөс даатгачихсан байгаа. Банкны хувьд цааш явж болохгүй болсон учраас л дампуурлыг нь зарлаж байна. Түүнээс банк дампууруулах ч юм уу, банкны системийг доргиох бодол алга. Оны өмнө хэд хэдэн том банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Ийм зүйл гарах болов уу гэсний үүднээс УИХ-аас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийг баталж өгсөн. Жижиг банкууд хөрөнгө оруулагчаа нэмэгдүүлэх, өөрийн хөрөнгөө нэмэх гэх мэт төлбөр тооцоо хийх чадвартай болж байгаа. Капитал банкин дээр нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын гэх мэт нэлээд хэмжээний төрийн мөнгө бий. Энэ мөнгөнүүд нэгдүгээрт гарахгүй байна. Хоёрдугаарт, гүйлгээ хийгдэхгүй байна. Тиймээс бусад банкуудаа татаад унагахгүйн тулд Капитал банкин дээр ийм шийдвэрийг аргагүй эрхэнд гаргаж байна. Энэ шийдвэрийг хоёрхон өдөрт гаргаагүй. Сүүлийн 2-3 жилийн турш яригдсан асуудал. ОУВС-гаас ч хэлж байсан. Банкуудад олон улсын аудит хийсэн асуудал ердөө л үүнтэй холбоотой. Сая улс төрөө бодсон бол, намаа бодсон бол унагахгүйгээр сонгууль хүргэчих байсан байх. Бид эдийн засаг, банкны системээ бодож ийм шийдвэрийг аргагүй эрхэнд гаргалаа. Хадгаламжийн даатгалд 42 тэрбум төгрөг байгаа шүү. 20 сая төгрөгөөс дээш хадгаламжийн тухайд төрд даатгуулаагүй. Гэхдээ банкин дээр активууд нь байгаа. Үл хөдлөх хөрөнгүүд нь байгаа. Зээл нь байгаа. Барьцаа хөрөнгө нь байгаа. Энэ бүхэн дээр дараагийн арга хэмжээ нь авагдаад эхлэх байх. Уг нь өнгөрсөн жил 40-өөд тэрбумаар хөрөнгөө нэмэгдүүлсэн ч нэлээд хүндэрчихсэн байсан учраас дампуурч байна” гэдэг мэдээлэл өгөв.
ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДООШ ХАДГАЛАМЖТАЙ ХҮМҮҮСИЙН ХАДГАЛАМЖИЙГ ХААН БАНКААР ДАМЖУУЛЖ ОЛГОНО
Капитал банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш хариуцах болсон бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг болон валютын 20 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан. Энэ хүмүүс Хаан банкаар дамжуулан хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг авах боломжтой” хэмээн мэдээллэсэн. Харин хадгаламж эзэмшигчдийн 0.5 хувь нь буюу 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэн, хуулийн этгээ дийн тухайд тус банкны зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн борлуулалт, шүүхийн шийдвэр гарч, шийдвэр биелэгдэх гээд тодорхой цаг хугацааны дараа хадгаламжаа эргүүлэн авах нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгөөс дээш төгрөгийн хад галамж эзэмшигчдийн хувьд хохирлоо барагдуулах хугацаа нь тодорхойгүйгээр хойшиллоо гэсэн үг.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГИЙН ХАМГААЛАЛТ АЛДАГДАВ
Мөн л өчигдрийн хэвлэлийн хуралд оролцсон төв банкны төлөөлөл “Капитал банк нь Монгол Улсын банкны системд 1.1 хувийг эзэлдэг учир санхүүгийн зах зээлд доргилт үүсгэхгүй” гэдэг эцсийн дүгнэлтийг өгсөн ч яг үнэндээ нийт хадгаламж эзэмшигч, арилжааны банкны харилцагчдын хувьд сэтгэл зүйн болоод эрсдлийн донсолгоо үүсээгүй гэж хэлэхэд өнөөдөртөө эрт юм. Учир нь, үр дагавар нь өчигдөр бус өнөөдрөөс гарч эхлэх учиртай. Харин энэ үед буюу өнөөдрөөс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонин байна. Түүний хувьд тодорхой эрх ашгийн төлөө, тэр дундаа Капитал банкны эрсдлийг бууруулах зорилгоор УИХ-д орж ирсэн гэдэг хардлагад нэг биш удаа цаг мөч бүрт өртөж байсан нь нууц биш. Харамсалтай нь, уг хардлага энэ удаад батлагдлаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн АТГ-аас түүнийг Капитал банкны гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч А.Ариунболд буюу нөхрийнх нь хамтаар шалгаж, албан өрөөг нь нэгжиж, байцаалт авч эхэлсэн.
Энэ удаад банкных нь дампуурлыг албан ёсоор зарлалаа. Иймд нэгэнт асуудал нь тодорхой болсон одоо цагт УИХ-д үргэлжлүүлэн суух нь зөв эсэхийг хэлэхэд хэцүү. Ичсэн нүүрэндээ гээд хамгаалалтын эцсийн цэгийг нурах хүртэл буюу УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийг дуустал сууж болох ч төрд итгэх олны итгэл л улам нурах нь гарцаагүй. Тэр нуралт хамгийн гол нь зөвхөн жилийн хоёр тэрбум төгрөгийн орлоготой ч, төрийн мөнгөөр бизнес хийж ирсэн Б.Ундармаа гишүүн болоод түүний нөхөр, түүний банкны ялагдал бус төрийн ялагдал болно гэдгийг нам нь ч, засаг нь ч энэ удаад бодож үзүүштэй биз ээ. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг үнэн үг байна аа байна, цаана чинь.