Б.Наранчимэг
Шатахуун түгээх станц, ахуйн болон автомашины газ арилжаалагчид үйлдвэр, үйлчилгээ айл өрхөөс дор хаяж 500 метр буюу хагас километрт байрлах заалттай. Харин монголын нөхцөлд зарим нэр бүхий компаниудын хувьд энэ эсрэгээрээ. Худалч хүнд бараг л айлын хананы цаана шатах, дэлбэрэх бодис худалдаалан, түүнийгээ асгаж, савируулан холилдох болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Синчи Ойл” компанийн “Синчи газ” түгээгүүрээс их хэмжээний газ алдагдан онцгой байдал, мэргэжлийн хяналт, гал унтраах анги гээд зургаан цагийн туршид саармагжуулалт хийн аюулгүй болгосон. Аюулгүй ч гэж дээ хэзээнээс, хэдий хэр хэмжээний газ алдагдсаныг тодорхойлоогүй ч газ хадгалах саванд цууралт үүссэн гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтаас өгч үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хэлэхдээ “Тус түгээгүүр нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, газ худалдаалж байсан нь тогтоогдсон. Тиймээс зөвшөөрөлгүй худалдсан газын орлогыг улсад хурааж авах хүсэлтийг прокурорын газарт хүргүүлсэн” гэв.
Албаны хүмүүсийн гаргасан шийдвэр ердөө л энэ.
Уг нь түгээгүүр ажиллуулах эхний дүрэм: Аюулгүй ажиллагаа. Үүн дотор “Шатахуун болоод, газ өчүүхэн төдий алдагдахад мэдээллийн самбарт дохио ирж, орчин тойрондоо үнэртэх үед дуут дохио хангинах” гэж заасан байдаг.
Гэтэл тухайн газар газ алдсаныг үнэртэж мэдсэн гэх. Тэгэхээр “Синчи газ”-д наад захын хамгаалалт дохиолол огт үгүй, тоног төхөөрөмжийн хангалт бүрэн байдаггүй нь ч үнэн. Хэрэв газ алдагдаж байх үед ойр орчимд ил гал гарч тэсрэн, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол хэрхэх вэ. Олсон мөнгийг нь улсын орлого болгоод тухайн компаниа торгож, эмгэнэл илэрхийлэн жүжиглэх байсан уу. Яг л олон хүнийг эрүүл мэндээр нь хохироосон хэрнээ өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа “Таван богд” группын салбар байгууллага KFC шиг. Хордлого гаргасан газрыг л хаасан, бусад салбарт аюулгүй гэсэн ч өнөөдөр хордсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа. Үүнтэй ижлээр “Синчи ойл” компанийн газ алдсан газрыг л хаачхаад бусад зөвшөөрөлгүй баригдсан зургаан түгээгүүрийг орхичихлоо. Ганцхан салбараа гаргуунд нь хаяж муу материалаар барьчхаад бусдыг нь ган төмрөөр бүтээсэн гэвэл худлаа. Осол гарсан газартай адилаар айлын хашаа дэрлэн бууж, автобусны буудал дээр газ борлуулж байгаа салбар нь Сүхбаатар дүүрэг дэх 32-ын тойрогт байж л байна. Тэднийг дахин алдаа гаргахыг нь хүлээж, хэн хохирохыг нь харах гээгүй бол асуудлыг шийдэгдтэл, алдаагаа застал нь салбар бүрт нь шалгалт оруулан, аюулаас сэргийлж үйл ажиллагааг нь бүрмөсөн хорих ёстой сон. Гэвч тэгсэнгүй. “Синчи газ” нэртэй түгээлтийн машинууд гудамжаар холхиж, толгой эргэтэл газ үнэртүүлсэн түгээгүүрүүд иргэдэд үйлчилсээр байхад газ худалдаалах зөвшөөрөл авахыг нь хүлээсэн мэт албаны хүмүүс газарт булсан газан “бөмбөг тэсэртэл” чимээгүйхэн хүлээж сууна. Уг нь тэдний үндсэн үүрэг нь хохирол үүсэхээс өмнө сэргийлэх ёстой дүрэм журам, хууль заалт батлан хэрэгжүүлдэг баймаарсан. Эсвэл аюул болсны дараа баахан сүржигнэж, торгууль нэрээр мөнгө авах заалтуудтай юм болов уу.
Ямартай ч “Синчи ойл” компанийн Синчи газ түгээгүүрийн газруудын хаяа дэрлэн буусан айл өрх болоод, иргэд гомдолтой байгаагаа хэлж, амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй байх баталгаагүйд бухимдсан ч хэнд хандахаа мэдэхгүй байна.
Худал ярьж авсан гарын үсгээ ашиглаад байна
Синчи газ түгээгүүртэй хамарлан амьдардаг айл нь 10 хүүхэдтэй. Хүүхдүүд нь үргэлж гэртээ байдаг гэх. Гэрийн эзний хэлж буйгаар “Осол гарах өдөр хүүхдүүд бүгд цонхон дээрээ овоорчихсон олон хүний бужигнааныг харж байсан. Хэрэв ямар нэгэн муу зүйл тохиолдсон бол яана. Төсөөлөхөд ч аймаар. Ингэж айж амьдарна гэж юу байх вэ. Анх колонк барих тухайгаа бидэнд огт хэлээгүй. Манай хажуу айлын газрыг худалдан авахдаа манайхыг газрын маргаан байхгүй биз дээ. Тийм бол гарын үсгээ зурчих гэсэн. Хэрэв тухайн үедээ газ түгээгүүр барина гэсэн бол бид зөвшөөрөхгүй. Гэтэл миний зурсан гарын үсгийг барьчхаад айл өрхүүд нь зөвшөөрсөн гэдэг зүйл яриад байна. Бид ийм аюултай газар үр хүүхдээ орхиод явах хүнд байгаа тул Синчи газын энэ түгээгүүрийг буулгаад өгөөч гэж л гуймаар байна.
Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны иргэн Түмэндэмбэрэл:
-Ганц энэ удаад тохиолдож байгаа асуудал биш ээ. Манайх энэ түгээгүүрээс нэг айлын зайтай амьдардаг. Байнга л шатамхай бодис, газ салерка үнэртэж байдаг юм. Станц барина гэж биднээс зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй. Тэгсэн хэрнээ үйл ажиллагаагаа явуулж энд амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аюулд оруулж байна шүү дээ. Одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй л байна. Ер нь айлын хажууд ийм зүйл байж болохгүй байх. Бүр мөсөн газрыг нь хурааж авах хэрэгтэй.
Оршин суугч Амаржаргал:
-1980 онд л машинд шатахуун хийхийн тулд нэг километрийн цаана зорчигчоо буулгаад зөвхөн жолооч колонкоос бензин авдаг заавартай байлаа. Одоо тийм зүйл байх нь битгий хэл хүн амьдардаг айлууд дунд нь байрлачихсан түгээгч нь ч тэр үйлчлүүлэгч нь тэр тамхиа татаад аюулгүй байдал гэж алга болсон байна шүү дээ. Мэддэг газар нь байвал асуудлыг хурдан шийдээд айл өрхөөс энэ түгээгүүрийг холдуулж өгөөч ээ л гэмээр байна.