СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-09

Д.Адъяасүрэн: Малын хулгайч нарын арга нарийсаад, хууль нь “нарийсахгүй” байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.Хулан

Монголын хөдөөд, малчдын амьдрал ахуйд малын хулгай байгалийн гамшиг, чоно, нохойноос ч илүүтэйгээр заналхийлж, аюул учруулж хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байна. Манай улсад малын хулгайтай тэмцэх бодлого дутмаг, хууль эрхзүйн орчин сул байгаа нь урт гартнуудыг өөгшүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж буйг уншигч та дараахь ярилцлагаас ойлгох болов уу. Нөгөөтэйгүүр, малын хулгайтай тэмцэх хууль, журмыг хэрэгжүүлэх ёстой цагдаагийн албан хаагч нар үүрэгт ажилдаа хэтэрхий хойрго ханддагаас болж жирийн малчид хэрхэн хохирч байгаа талаар ганцхан жишээг өгүүлэх гэсэн юм.

Бидэнтэй ярилцагч энэ залууг Д.Адъяасүрэн гэдэг. Тэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн иргэн. 20 толгой адуу, бог малаа маллаж Зүүн Гулзгай гэдэг газарт өвөлждөг. Түүнд энэ газарт одоогоор хэдэн малаас нь өөр хань үгүй. Дөрвөн хүүхдийнх нь хоёр том нь Улаанбаатар хотод сургуульд сурдаг учир, эхнэр, хүүхдээ хот руу нүүлгээд өөрөө малаа малладаг. Хүүхдийн сургууль амарсан үед л Д.Адъяасүрэнгийн эхнэр, хүүхэд Алтанбулаг дахь малчны хотондоо очиж хэд хоноод буцдаг юм.

Д.Адъяасүрэн 20 гаруй жил мал маллаж амьдарч байгаа хүн. Хүн бүл цөөнтэй, хатуу хүтүү ажил гээд халшрах үе байх ч түүний хамгийн сайн хийж чадах зүйл нь л энэ. Монголын маань малчдын нийтлэг дүрийн нэг. Гэтэл тэдэнд зохиомол гэж хэлж болох нэгэн зовлон нэмэгдсэн нь малын хулгай. Гэрийнх нь гаднаас эмээлтэй морийг нь хүртэл унаад давхичихдаг цайсан хулгайчаас болж шөнө бүтэн нойртой хонож чадахаа больсон малчдын нэг нь Д.Адъяасүрэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та хэд, хэдэн удаа малын хулгайн хохирогч болж байсан хүн юм байна. Тэр болгонд хохирлоо төлүүлж чадсан уу?

-Хохирлоо нөхөн төлүүлж байсан тохиолдол байхгүй. Би адуугаа жилд нэг, хоёроор нь алдаж явсаар сүүлдээ энэ нь даамжирч, энэ жил бүр 19 тооны адуугаа алдчихсан.

-Адуугаа тоо ёсоор нь эргүүлж олж авч чадсан уу. Таны адууг хулгайлсан хүнийг олсон уу?

-Хулгай хийсэн хүнийг нь би өөрөө мэдээд бариулсан. Тэр хүн миний адууг Атар руу хөөж аваачаад зарчихсан байсан. Тэнд хулгайн мал худалдаж авдаг ченжтэй юм байна. Тэгээд эндээс нь унаажуулж өгдөг хүнтэй. Түүнийг нь авч явдаг хүнтэй. Малын хулгай ингээд бүхэл бүтэн сүлжээнд орчихсон.

-Тэр хүнийг хулгайлсан гэж та яаж мэдсэн юм бэ?

-Б.Идэрсүрэн гэж өмнө нь миний морийг удаа дараа хулгайлж байсан хүн л дээ. Тэгээд хэдэн сар, жил хоригдоод гараад ирчихдэг. Урьд нь миний алдсан адуунуудыг бүгдийг нь энэ хүн хулгайлсан. Сая дахиад миний морьдыг хулгайлсныг нь би яаж мэдсэн бэ гэхээр, хулгай гарсан орой тэр хүн урд айлаар буугаад явсан байгаа юм. Тэр хүн ер нь л намайг занаад байдаг л даа. Тэгэхээр миний малыг хулгай хийдэг нь өс хонзонгийн сэдэлтэй байх.

-Яагаад?

-Урьд нь миний малыг хулгайлсныхаа төлөө хоригдсондоо өширхөөд байдаг шиг байна лээ.

-Тэр таны хохирлыг барагдуулж байсан удаатай юу?

-Би урьд нь нэг морио түүнээс амьдаар нь олж авч байсан. Бусдыг нь барагдуулж чадаагүй, тэр чигт нь алдсан. Эмээлтэй морийг маань хулгайлаад аваад явж байсан ч удаатай.

-Уг нь та хоёр хоёулаа нэг нутаг нугын хүмүүс юм байна. Та ер нь энэ хүнтэй ямар харилцаа, холбоотой байдаг юм?

-Нэг голын танил хүмүүс л дээ. Урьд нь би энэ хүнд эмнэгээ унуулдаг байсан. Манайхаар орж гараад, ажил төрөлдөө туслуулаад л байж байдаг байсан. Тэгж байтал хэдэн жилийн өмнө эмээлтэй морийг минь авч яваад л, баригдсандаа өс санадаг уу яадаг юм, байсгээд л манай адууг хулгайлдаг болчихсон. Уг нь би энэ хүнд урьд нь зөндөө тус хүргэж байсан юм шүү дээ. Хавар шөл, усгүй гэхээр нь шөлний хонь хүртэл өгч л явлаа. Хаврын тарчиг цагт унаагүй явахад нь морь малаа унуулдаг байлаа. Эхнэр авахад нь гэрт нь хос хивс хүртэл авч өгч байсан.

-Адуугаа алдчихаад та хулгайчийн араас мөшгисөн гэсэн. Яаж мөшгисөн юм, ямар замаар орсон юм. Цагдаа нарт энэ тухайгаа хэлсэн үү?

-Цагдаад хэлсэн. Энэ хүн аваад явчихлаа гэж хэлтэл цагдаа нар өөдөөс “Таньд баримт байгаа юм уу. Авсныг нь нүдээрээ харсан юм уу” гээд байсан. “Би авсныг нь мэдээд байна” гэхээр “Тэр чинь тэр хүнийг баривчлах үндэслэл болохгүй” гээд байгаа юм.

-Малаа алдчихлаа гэж гомдол гаргаад, сэжиглэж байгаа хүнээ хэлээд очихоор тэр мөрөөр нь хайгаад явах ёстой хүмүүс нь цагдаа нар мөн биз дээ?

-Уг нь тийм. Гэвч “Наад хүнийг чинь бид хайж байгаа. Гэхдээ таны адууг авч явсныг нь харсан гэрчтэй, баримттай байж л баривчилна” гэсэн. Тэгэхээр нь би зурагтаар зар өгсөн. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би адуугаа алдсан юм. Б.Идэрсүрэн эндээс манай адууг 80-аад км газарт шөнөжин туусаар байгаад 19-ний өглөө Атарын гуанзан дээр очсон байгаа юм. Өглөө нь тэндээ засмал замын хажууд байдаг, арьс шир авдаг айлын хашаанд оруулаад дандаа хээлтэй гүүнүүдийг нь нядлаад морьдыг нь үлдээчихсэн байсан. Ингэж байхад нь хүн харсан юм билээ. “Энэ нэг л сэжигтэй байна. Хүн эм малаа ингэж нядалгаанд өгөхгүй шүү” гэж бодмогцоо Атарын цагдаагийн байгууллагынханд хэлсэн юм билээ. “Үүнийг ирж шалгаач” гэж. Гэтэл Атарын цагдаа нар шалгаагүй. Тэр өдөр хэрэв шалгачихсан л бол миний адуу бүрэн бүтнээрээ байж байх ёстой байхгүй юу. Тэр үед би Б.Идэрсүрэнг сэжиглэж байна гээд Төв аймгийн цагдаагийн газарт тэмдэглүүлчихсэн байсан шүү дээ. Төв аймгийн цагдаа нар ч надад, “Наад нөхрийг чинь би эрж байгаа. Төв аймгийнхаа бүх л сумын цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргэчихсэн байгаа. Эрэн сурвалжилж байгаа” л гээд байсан. Тийм байтал Атарын цагдаагийнхан тэр хүний мэдээллийн дагуу шалгаж үзээгүй.

-Хээлтэй мал алдаг нь ямар учиртай юм бэ?

-Өс санаж л тэгсэн гэсэн. Хоёрхон гүү үлдээсэн байсан. Хулгайч өөрөө энэ талаараа, цагдаагийн байцаагчдаа, “Яах вэ, хэдэн хүүхдийг нь бодоод харин талыг нь үлдээлээ. Түүнээс бүгдийг нь хийчих байсан” гэж хэлсэн байгаа юм. Миний хэдэн хүүхдийг өрөвдсөн юм байх. “Харин ч үлдээсэн нь их юм шүү” гэсэн гэж байгаа юм. 19 тооны адуунаас 10-ыг нь махлаад есийг нь үлдээсэн байсан.

-Та малаа алдсанаас хойш хэд хоногийн дараа олж авсан бэ?

-Их удсан. Телевиз, фэйсбүүкээр зар явуулсны дараа нэг иргэн надад мэдээлсэн. Тэр хүн “Алтанбулагийн групп” гэсэн хаягаас ЗДТГ-ын утсыг олж аваад холбоо барьсан байсан. “Та ямар ямар зүсмийн адуугаа алдсан бэ. Дотроо хар азаргатай адуу байх нь байсан” гэж ярьсан. Би ч, “Том ширээтэй зуузай тамгатай тийм, тийм адуу байсан” гээд хэллээ. Тэгсэн зүс нь таараад, “Тэгвэл энэ чинь гуравдугаар сарын 19-нд миний харсан адуу мөн байна” гэсэн. Тэр үед би хотод байсан юм. Тэгээд ЦЕГ-аас малын хулгайтай тэмцэх тасгийн цагдааг аваад Атарт очсон. Аймгаас ч цагдаа нар ирсэн. Авсан газрынх нь хүмүүстэй уулзсан. “Та нар чинь яахаараа хээлтэй малнууд алчихдаг юм бэ?”, гэтэл “Түүнийг бид яаж мэддэг юм. Хүн юмаа өгч байхад” гэх мэтээр өөдөөс хэл амаар дайрч доромжилсон. Би түүнийг нь утсаараа бичлэг хийж баримтжуулсан боловч Төв аймгийн цагдаа нар намайг, “Ингэж бичлэг хийж болохгүй” гэсэн. Уг нь тэр үйл явцыг баримтжуулах гэсэн юм. Гэтэл цагдаа нар болохоор, “Зөрчлийн тухай хуулиар бичлэг хийх нь хориотой” гээд утсыг маань дээлийн өврөөс хүчээр ухаж аваад тэр бичлэгийг устгачихсан.

-Хүн “Малаа алдчихлаа, би тэрийг нь мэдэж байна” гээд байхад таниас баримт хэрэгтэй, бараг бичлэг хэрэгтэй гээд байдаг. Тэгсэн хэрнээ эргээд тэр дүрс бичлэг хийхээр тэрийг нь болохгүй гээд байдаг. Цагдаа нарт чинь өөрсдөд нь асуудал байгаа юм биш үү?

-Би бас тэгж хардаж байгаа. Тэр Атарын хэсгийн төлөөлөгч бол хамсаатай байх. Яагаад гэхээр тэр өдөр адуу нядалгаанд орж байгаа талаар мэдээлэл өгсөөр байтал шалгаагүй.

-Хэрэв та телевизийнхэнд хандаагүй, сошиалаар зар тараагаагүй бол цагдаа нар лав энэ хэргийг илрүүлэхгүй байж, тийм үү?

-Тийм. Тэр битгий хэл, Алтанбулаг сумын Засаг дарга телевизийн сэтгүүлч рүү хүн ярьсан байсан. “Манай сум руу ирж байгаа юм уу. Биднийг аятайхан талаас нь харуулж өгөөрэй” гэж.

-Тэгэх ямар шаардлага байсан юм бол?

-Манай энд арваад хүн цугларсан юм. Хааш, хаашаа 20 км-ийн радиус дотор арван хэдэн айл 100 хэдэн бод малаа өнгөрсөн есдүгээр сар гарснаас хойш алдчихсан юм. Түүнийгээ цагдаад бүртгүүлсэн, бүртгүүлээгүй янз бүр л байсан. Тэр нэвтрүүлэг явснаас хойш Төв аймгийн цагдаа нар харин ирж заримыг нь бүртгэсэн.Түүнээс биш Төв аймгийн цагдаа нар малын хулгайг илрүүлэх тал дээр хөдөлдөггүй юм шүү дээ. Хөдлөөд ч нэмэргүй юм шиг л ойлголт төрсөн. Хулгайчийг цагдаа барьчихдаг гэж байгаа юм. Гэтэл түүнийг нь прокурор барьж хорих эрх байдаггүй юм байна л даа, Зөрчлийн тухай хуулиараа. Тэгээд л тавиад явуулчихдаг юм уу. Хүнийг барьж хорихгүй гадуур байцаадаг болчихсон.

-Б.Идэрсүрэн хулгай хийсэн нь тодорхой болсны дараа түүнийг цагдаагаас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна. Тэр нь ямар хуулийн үндэслэлээр авсан юм бол. Одоо тэр хүнд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай байгаа юм?

-Хуульд наймаас дээш тооны бод хулгайлсан хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт гаргах юм байна лээ. 25-аас дээш бог хулгайлсан тохиолдолд мөн эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой юм билээ. Энэ тоондоо хүрчихсэн учраас Идэрээд эрүүгийн хэрэг үүсгээд хорьчихсон. 40 гаруй хоногийн хугацаанд хорьчихоод суллаж, гадуур байцаадаг юм гэсэн. Тэгээд хэрэг нь прокурорт шилжээд, энэ хэрэгт буруутай нь тогтоогдвол шүүхээс ял аваад явах байх.

-Нэг адуу ямар үнэлгээтэй байдаг юм бэ?

-Түүнийг нь шүүхээр тогтоодог юм билээ. Нэг адууг дор хаяж нэг сая төгрөгөөр тооцоход надад 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж хэлж болно. Хулгай хийсэн хүн нь болохоор нөгөө Атарын ченжид нэг адууг маань 350 мянгаас 400 мянган төгрөгөөр зарсан байсан.

-Үүнийг хөндлөнгөөс нь харахаар мал хулгайлдаг нэг хэсэг байна, хулгайлсан малыг нь хямд үнээр худалдаж авдаг нэг хэсэг байна. Хулгай хийсэн хүн нь тодорхой байсаар байтал түүнийг нь хаацайлдаг цагдаагийн ажилтан бас байна, тийм үү?

-Би бас тэгж хараад байгаа юм. Энэ сүлжээ болчихжээ гэж. Яагаад гэхээр, цагдаад нь иргэн хүн тов тодорхой мэдээлэл өгөөд байхад шалгаагүй. Энэ талаар надад хэлсэн тэр хүний яриаг би бас баримтжуулж бичиж авсан байгаа.

-Хүмүүс, ялангуяа хот суурин газрынхан малчдыг хамгийн стрессгүй, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарч байгаа гэж ойлгоод байдаг. Гэтэл малын хулгай ийм хэмжээнд хүрчихэж, та нарын амьдралыг сонсохоор харин ч их айдастай амьдардаг юм байна гэж ойлголоо?

-Тийм. Ялангуяа Төв аймгийн хувьд нийслэл хоттой ойрхон учраас малын хулгай нь ингээд гаарчихаад байх шиг. Жишээлбэл, сая манай адууг хулгайлсан Б.Идэрсүрэн бол 40 хэд хоног хоригдчихоод гадуур байцаагдана. Тэр хугацаандаа надаас дахиад ирээд хулгай хийхийг үгүйсгэх аргагүй. Тэгж бодохоор би бүтэн нойртой хонож чадах уу. Энэ бол дарамт, айдас мөн биз? Эсвэл өөр хүнээс дахиж авахыг байг гэхгүй. Яагаад гэхээр тийм тохиолдол өмнө нь ч гарч байсан. Хүний адууг хулгайлсан хэргээр гадуур байцаагдаж байхдаа оргож алга болоод, тэр хугацаандаа дахиад хулгай хийчихсэн. Өмнө нь хулгай хийсэн хүнээсээ гадуур байцаагдаж байх хугацаандаа дахиад хулгай хийсэн тохиолдол ч гарч байсан шүү дээ. Тэгэхээр энэ малын хулгайчдад ямар ч айдас байхгүй байгаа биз. Тэднийг юу ингэж даврааж байгаа вэ гэхээр ажлаа хийдэггүй хууль хяналтын ажилтнууд, бас хуулийн цоорхой. Зөрчлийн хууль маш их цоорхойтой, жирийн хөдөлмөрчин иргэддээ ээлгүй, хулгайч, гэмт хэрэгтнүүдийг дэмжсэн хууль болсныг захын малчин ярьж байна.

-Малын хулгайч нар малчдад зуднаас илүү хэцүү байгаа юм байна?

-Тийм. Чоно нохойноос дор байна шүү дээ. Өнгөрсөн есдүгээр сараас хойш 100 гаруй бод малаа алдсан энэ хавийн айлууд одоо хүртэл хохирлоо барагдуулж аваагүй л байна. Ер нь олддоггүй шүү дээ, ихэнхдээ.

Одоо хулгайч нарыг ширүүхэн ч байцааж болдоггүй гэх юм билээ, байцаагчаа буцаагаад хуулийн байгууллагад гомдол гаргаад өгчихдөг гээд. Хүний эрхийн байгууллагад хандчихдаг. Бас нэг ойлгомжгүй зүйл байгаа нь Зөрчлийн тухай хуулиар хүний нэг гар утсыг хулгайлчихсан бол ял оноогоод л сүрхий юм болж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ мал хулгайлахаар наймаас дээш тооны бог мал хулгайлсан тохиолдолд хэрэгтэнд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хулгайг дотор нь ангилаад байна аа даа. Өөрөөр хэлбэл, нэг малыг өсгөж, ашиг шимийг нь хүртэхийн төлөө малчин хүн ямар хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж байгаа нь огт хамаагүй юм байна. Малчдын хөдөлмөрийг хүнд гэдгийг харгалзаж үзэхгүй, үнэлэхгүй байгаагийн нэг илрэл мөн биз? Бас нэг аюултай зүйл бий. Хулгайч хохирол барагдуулж байгаа нь энэ гээд өөр айлын малыг хулгайлаад авчраад өгчихдөг тохиолдол бас байна. 

-Хүн бүл цөөнтэй, малаа байнга харж хандаад явах боломжгүй, өндөр настай хүн бас олон байна?

-Хулгайч нар үүн дээр судалгаа хийдэг. Хүн бүл муутай айл нь хаана байна гэж. Тэр өдөр хулгай хийхдээ жишээлбэл эхнэр маань ирчихсэн байж байгаад хот руу буцаад намайг ганцаараа үлдсэнийг судалчихсан байсан. Азарга адуугаа хөөлгөчихөөд уналгын ганцхан морьтой үлдээд уйлж суусан өвгөн ч байна. Адуу нь олдоогүй шүү дээ, тэр өвгөний. Хөөрхий хөгшин манай энд шилжиж ирээд удаагүй байхдаа бүх адуугаа хулгайд алдаад амьжиргааны малгүй болсон доо.

-Малчдыг ингэж хохироохгүй байх ямар гаргалгаа байж болох вэ. Малчид л энэ дээр жинхэнэ бодитой санал хэлэх байх?

-Хуулийг чангаруулах хэрэгтэй юм байна. Нэг ширхэг мал байсан ч тэр чинь хүний өмч гэдэг талаас нь хандмаар байна. Хулгайч нар хуулийн цоорхойг ашиглаад сурчихлаа. Жишээлбэл, манай малыг хулгайлсан Б.Идэрсүрэн бол сонгуулийн өмнөх жилээс хулгай хийгээд эхэлчихдэг хүн. Яагаад гэхээр сонгуулиар Өршөөлийн тухай хууль гардаг, тэгээд суллагдчихдаг учраас тэр. Идэрээ өмнө нь хоёр ч удаа ингэж Өршөөлийн хуулиар суллагдсан хүн.

-Хулгай хийж байгаа хүмүүс нь үнэхээр ядарчихсан, үүнээс өөрөөр амьдрах аргагүй болчихсон хүмүүс байдаг уу, ихэнхидээ?

-Үнэхээр яая даа гэсэн ядарсан амьдралтай хүмүүс байна. Зарим нь тийм биш. Хулгайг бүр ажлаа болгочихсон хүмүүс ч байна. Зохион байгуулалтад орчихсон нь ч байна. Өөрөөр хэлбэл, хулгайч нар, хулгайн арга нь нарийсаад байгаа хэрнээ хууль нь нарийсахгүй байна. Би эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Хоёр том маань сургуульд сурдаг, хоёр бага маань гэртээ ээжтэйгээ байдаг. Хүүхдээ сургууль соёлд сургахын тулд тэднээсээ тусдаа амьдарч байна.

Малчин цалинжуулж авъя гэхээр санаанд таарах хүн олддоггүй. Хөдөлмөрийн бирж гэдэг шиг суман дээрх ажилгүй иргэдэд сургалт явуулдаг, ёс зүйн хичээл заадаг тийм нэг бүтэц сумын төв дээр байх нь зүйтэй юм болов уу гэж боддог юм. Албан ёсны гэрээ байгуулаад хамтарч ажилламаар л байна. Над шиг ийм амьдралтай малчин энэ хавиар олон бий. Тэр нь л хулгайч нарын олз болчихоод байна л даа. Хониндоо гараад явчихсан хойгуур нь адууг нь хулгайлчих жишээний.Манай адууг хулгайлсан Б.Идэрсүрэн гэхэд өөрийнхөө нэр дээр ямар ч мал тоолуулдаггүй. Бүх хөрөнгө нь ээжийнх нь нэр дээр байх жишээтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.