Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргалаа
Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу “Капитал банк” ХХК-д зохих арга хэмжээг авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул Монголбанкнаас 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоолоо.
Тус банк нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан байна.
Хадгаламжийн даатгал нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд арилжааны банкууд хадгаламжийн даатгалд албан журмаар хамрагдан, улирал бүр хураамж төлдөг. Хадгаламжийн даатгалын сангийн үлдэгдэл 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 421 орчим тэрбум төгрөг байна.
Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулна.
Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана. Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана. Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ.
Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн “Хаан банк” ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлнө.
2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Монголбанк
Хадгаламжийн даатгалын корпораци