Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлын хүрээнд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа
- БЗД-т төрийн үйл ажиллагаа зогсчихлоо. Энэ асуудлыг та анхаарч ажиллаж байна уу?
- Баянзүрх дүүрэгт сая дахин сонгууль болж хоёр төлөөлөгч сонгогдсон. Энэ хүрээнд дүүргийн засаг даргыг томилох захирамжаа гаргасан. Гэтэл долоо хоногийн турш иргэд, олон нийт нь асуудал тавьж байна. Чөлөөлөгдсөн засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудыг нь дуудаад ирэхгүй байна.
Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа алдагдаж хэвийн бус болсон, иргэдэд үйлчилгээгээ үзүүлэхгүй байна. Тиймээс би өнөөдөр дахин дуудуулж ажил хэргийн шаардлага тавина. Хүлээж авахгүй бол хууль, журмынх нь дагуу албадан чөлөөлүүлнэ. Бүр болохгүй бол өөрөө газар дээр нь очиж асуудлыг шийдүүлнэ.
Улс төржилтөөс болж БЗД гурван жил хаягдлаа. Сүүлдээ Нийслэлийн Тамгын газрын дарга очиход ч байхгүй, гарч ирдэггүй атал захирамж, тушаал гаргаад гадагш, дотогш явчихдаг. Шөнө дөлөөр хулгайч шиг орж ирээд явдаг. Ийм замбараагүй байдлыг цааш үргэлжлүүлэхгүй. Хотын даргын хувьд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Зарим нэг бүлэглэл, мафийн сүлжээг таслан зогсооно. Нэлээн гүнзгий хэмжээнд нийслэлийн зохион байгуулалтыг өөрчилнө. Албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлнэ. Чадахыг нь хийлгэнэ, чадахгүйг нь хална. Нийслэлчүүдийн нурууг амраах ажлыг эхлүүлж байна.
- Хотын орлогч нарын томилгоо яригдсан уу?
- Албан ёсны хоёр орлогч, төслийн удирдагч дөрвөн хүнийг өнөөдрөөс ажилд нь оруулна. Сараар ажлыг нь дүгнэнэ. Ажиллаж чадахгүй бол хэн ч байсан чаддаг хүмүүст нь зайгаа тавьж өгдөг байдлаар явна. Ингэж явахгүй бол чаддаг, чаддаггүй нөхөд төрийн албанд сууж, цаг нөгцөөсөн байдлаар асуудалд ханддаг, төрийн ажлыг чирэгдүүлдэг, амин хувийн ажлаа хийдэг болчихож.