Их Британийн иргэн 55 настай Лале Шахравеш хуучин нөхрийнхөө оршуулгад оролцохоор ирээд Дубай хотын нисэх буудал дээрээс өнгөрсөн сарын 10-ны өдөр баривчлагдсан байна. Эмэгтэй салсан нөхрийгөө 2016 онд дахин гэрлэсэн байсныг Facebook-ын зурагнаас нь хараад бичсэн комментоосоо болж хоёр жил хоригдох ял сонсож магадгүй болжээ.
Шахравеш Арабын нэгдсэн Эмирт улсад амьдарч байхдаа 18 жилийн өмнө хуучин нөхөртэйгээ гэрлэсэн байна. Эмэгтэй охиноо дагуулан Их Британи руу буцаж нөхөр нь Эмиртэд үлдэж гэр бүл салжээ.
Facebook дэх зурган доор нь “Чамайг тэнэг хэвээрээ үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хараал идээсэй. Энэ мориноос болж чи намайг орхижээ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
Арабын нэгдсэн Эмирт улсын цахим гэмт хэргийн хуулинд олон нийтийн цахим сүлжээнд хэн нэгнийг гүтгэн доромжилсон сэтгэгдэл үлдээвэл их хэмжээний мөнгөн торгууль болон хоригдох хүртэл ял сонсдог байна. Дубайд баригдсан Британи эмэгтэй экс нөхрийнхөө шинэ эхнэрийг морь гэж дуудсаныхаа төлөө хоёр жил хоригдох болон 50,000 фунт стерлингээр торгуульж магадгүй нөхцөл байдал үүсчээ.
Шахравешийн хуучин нөхөр зүрхний шигдээсээр нас барсан тул охиныхоо хамт оршуулгад нь оролцохоор Дубайд ирсэн ч хуучин нөхрийнх нь шинэ эхнэр эмэгтэйд доромжлуулсан тухайгаа цагдаад хэдийн мэдүүлсэн байжээ. Холбогдох байгууллагууд Дубайн эмэгтэйг гомдлоо эргүүлэн татахыг хүссэн ч эрс татгалзсан аж.
Британийн иргэн одоогоор батлан даалтад суллагдаад байгаа ч бичиг баримтаа хураалгасан тул Дубайгаас гарах эрхгүй зочид буудалд амьдарч байна.
Эх сурвалж: www.bbc.com