Угандагийн Хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэнд аялж байсан Америкийн иргэнийг, жолоочийнх нь хамт барьцаалсан этгээдүүд хагас сая ам.долларын барьцаа шаардаад байсан юм.
Уганда улсын цагдаа нар өнгөрсөн амралтын өдрүүдэд барьцаалагчдын гараас Америкийн иргэн 35 настай Кимберли Эндикот болон түүний жолоочоор ажиллаж байсан нутгийн уугуул Жан Пауль Миренже нарыг эсэн мэнд сулласан байна.
Барьцаанаас суллагдсан хоёр хүний эрүүл мэнд сайн ба аюулгүй газарт хүргэгдсэн гэдгийг цагдаагийн газраас мэдээлжээ.
Байгаль хамгаалах газрын мөрдөгчид, жуулчдын аюулгүй байдлыг хамгаалах цагдаагийн тусгай хүчин хамтран барьцааны иргэдийг эсэн мэнд сулласан байна.
Хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэн Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын хилтэй ойрхон тул таамаглаж байсанчлан барьцаалагчид барьцааны иргэдийг Конго улсын хил давуулсан байсныг Засгийн газрын төлөөлөгч олон нийтийн цахим хуудсанд нийтэлжээ.
Албаны эх сурвалж дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч аялал жуулчлын компанийн цахим хуудсанд шаардсанчлан 500,000 ам.долларын барьцааны мөнгө төлж иргэдийг аварсан тухай бичсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер хуудсандаа Угандад хулгайлагдсан жуулчин, жуулчны хөтчийг эсэн мэнд сулласанд талархаж байгаагаа жиргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт галт зэвсгээр зэвсэглэсэн дөрвөн этгээд жуулчдыг цэцэрлэгт хүрээлэнд отож байгаад Америкийн иргэнийг хөтчийнх нь хамт барьцаалсан тухай мэдээлсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com