Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Ганвон мужид гарсан ойн түймрийн улмаас учирсан гарз хохирлын нөхөн төлбөрийг Цахилгаан эрчим хүчний корпорациар албадан төлүүлж магадгүй юм байна. Ням гарагт хууль хяналтын байгууллагынхны мэдэгдсэнээр ойн түймэр олон нийтийн хэрэглээнд зориулсан цахилгааны шонгуудын нэгээс эхэлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ажээ.
Ойн түймрийн улмаас нэг хүн амиа алджээ.
Түймэр пүрэв гарагийн шөнө Ганвон мужийн Госеон хотоос эхэлж гурав хоногийн турш асахдаа хөрш зэргэлдээх Сокчу, Ганнён, Инжэ хотуудад нийт 5,3 км кв талбайг хамарсан байна. Ням гарагийн үүрийн 04 цагт өгсөн мэдээллээр ойн түймрийн улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтэж шархаджээ. Түүнчлэн 1,880 барилга байгууламж түймэрт өртсөний 400 нь айлын гэр байсан юм.
Эрх баригчдын зүгээс түймрийн улмаас учирсан гарз хохирлын хэмжээг удахгүй бүрэн тогтоож танилцуулна гэлээ. Дан ганц газар тариалангийн салбарт гэхэд 5,2 тэрбум вон буюу 4,6 сая ам.долларын хохирол учраад байна.
Үндэсний шүүх болон гал унтраах албаныхан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Эцсийн байдлаар дүгнэлт гараагүй байгаа ч Өмнөд Солонгосын Цахилгаан эрчим хүчний корпорацийн дутуу дулимаг, буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болох нь тогтоогдвол иргэдэд болон бүс нутагт учирсан гарз хохирлын бүрэн барагдуулах хэрэгтэй болох юм.
Орон гэрээ алдсан иргэдэд БНСУ-ын Засгийн газар есөн сая воноор тусалжээ.
Ойн түймэр ассан бүс нутгийг гамшгийн онцгой бүсэд тооцож шаардлагатай тусламжийг Засгийн газраас гаргаж байна. Байгалийн гамшигт орон гэрээ алдсан иргэдэд есөн сая воны тусламж үзүүлсэн ч хангалтгүй байгаа талаар гомдолложээ.
Өнгөрсөн жил АНУ-ын Калифорн мужид гарсан ойн түймэр Номхон далайн хий, цахилгааны корпорацийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг тогтоосны дараа тус фирм олон арван тэрбум долларын нөхөн төлбөрт унаснаас дампуурлаа зарласан юм.
Эх сурвалж: www.koreatimes.co.kr