Олон улсын стандартад нийцсэн 50 болон 25 метрийн хоёр усан сантай, усан спортын төв барих санамж бичигт гарын үсэг зурлаа. Усан спортын төвийг барих, ашиглах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар тусгажээ. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Олон улсын шаардлага хангасан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэ спортын төв ашиглалтад орсноор залууст цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ. Энэ сарын 14-нөөс бүтээн байгуулалтын шав тавигдаж, ажил нь эхэлнэ. Ирэх оны зургадугаар сард мөсөн ордон, усан бассейн, задгай танхим гээд бүрэн ашиглалтад орно” гэв.
Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан “Манай усан спортын тамирчдын амжилт жилээс жилд улам ахиж байна. Улаанбаатар хотод олон усан сан баригдаж байгаа боловч олон улсын тэмцээн явуулах боломжтой усан бассейн байхгүй. Иймээс бүтээн байгуулалтын ажилд хотын захиргаа хамтарч байгаад талархаж байна” гэлээ. Нийслэлд ирэх оны наймдугаар сарын 1426-нд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд усан спортын төвийг барих аж.