Ерөнхий боловсролын сургуулиудад олон хүүхдийг хамарсан хоолны хордлого ихээр гарч байгаа тул Эрүүл мэндийн яам ерөнхий боловсролын сургуулиудыг энэ тал дээр анхаарч ажиллахыг онцгойлон анхааруулж байна.
Тухайлбал, он гарсаар нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM (Singapore school of Mongolia) сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарчээ. Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 орчим сурагчид хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байгаа аж.
9-12 настай хоёр сурагчийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа
Энэ талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "SSМ сургуулийн сурагчид өчигдөр ХӨСҮТ-д суулгалт болон маш өндөр халуунтайгаар ирсэн. (Singapore school of Mongolia) сургуульд 220 хүүхэд суралцдаг бөгөөд 22 хүүхэд найман багш, ажилчдад хордлогын шинж тэмдэг илэрсэн. Тухайн хүүхдүүдийн хувьд өндөр халуунтай, хүчтэй суулгах шинж тэмдэг илрээд байгаа. Энэ нь урьдчилсан байдлаар цусан суулга өвчний шинж тэмдэгтэй төстэй байгаа учраас ХӨСҮТ-ийн эмч нар цусан суулга гэж үзэн эмчилгээ, оношлогоо хийж байна. 9-12 настай хоёр сурагчийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Хордсон ажилтан болон сурагчид нь лхагва болон мягмар гаригийн хоолноос хордсон байх магадлалтай. Тус сургуульд таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллаж, бусад сурагч, багш нарт ажиглалт хийж байгаа. Өнгөрсөн гурван өдөр идсэн хоолыг судлахад шарсан төмс, шарсан тахианаас өвчлөл үүссэн байх боломжтой гэж үзэж байгаа” хэмээв.
Одоогийн байдлаар SSM сургуулийн 30 орчим сурагчид хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байгаа аж
Тиймээс тус сургуульд сурдаг сурагчид суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай ХӨСҮТ-д ирж шинжилгээ өгөхийг сануулж байна. Цусан суулгац өвчин бохирдсон хоол хүнс, ундны ус, ахуйн нөхцөлийн гэсэн гурван замаар дамжин халдварладаг.
Хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар гарч байгаа нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгаа аж. Иймээс хүүхдийн хоол хүнсийг технологийн дагуу бэлтгэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “аюулгүй хоол, хүнсний дараах таван түлхүүр ”-ийг мөрдөн ажиллах шаардлагатайг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.