Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим \ТҮЦ\ машинаас “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг авах боломжийг бүрдүүлжээ.
ТҮЦ машин нь 2006 оноос хойших шимтгэл төлөлтийн мэдээллийг гаргах юм. Даатгуулагч та цахим үнэмлэх, хурууны хээгээ уншуулан нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллээ авах боломжтой. Нэг хуудас мэдээллийг 1000 төгрөгөөр хэвлэж гаргах гэнэ. Дээрх мэдээллийг ажил олгогч, банк, виз зэрэгт мэдүүлэх боломжтой юм.
ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтын үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлол дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, тухайн иргэний регистрийн дугаарын хамт оруулж, нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна.