Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан бүтээсэн “Би нар” уран сайхны киноны нээлт өнөөдөр 19 цагт Зайсан Хилл комплекст боллоо.
Тус киноны найруулагч Ж.Сэнгэдорж “Монголын амьдралын гэгээлэг бүхнийг энэ киногоороо харуулахыг зорьсон. Гэр бүлийн халуун дотно харилцааг гурван цаг үе дээр харуулсан. Хэдийгээр нийгмийн гурван өөр үе шатанд амьдралын бүх зүйл өөрчлөгдсөн боловч эцсийн ганц тогтох цэг нь хайр болохыг энэ кинонд харуулна” гэсэн юм.
“Би нар” киноны туслах дүрийг бүтээсэн жүжигчин, мисс А.Баярцэцэг “Киноны анги бүхэн өөр цаг үе утга агуулгыг харуулдаг учраас энэ киног гэр бүлээрээ ирж үзээрэй гэж уриалж байна. Кино урлаг дүрс дэлгэцээр дамжуулан нийгмийг сайн сайханд хөтөлдөг учраас энэ киног ирж үзвэл та өөрөө өөрийгөө хажуугаас харж тусгаж авна гэдэг итгэж байна” гэв.
Кинонд 1990-ээд оны үеийн хүүхэд насыг бүтээсэн Дундговь аймгийн Дэрэн сумын сурагч Долгормаа “Миний бүтээсэн дүр аягүй гоё байсан. Яагаад гэхээр сошиал орчин гэж байгаагүй. Яг гэр бүлээрээ амьд харилцаатай байсан нь маш сайхан санагдсан. Миний тоглосон хэсэгт аав хотоос зурагт авчирснаар эхэлдэг. Тэгээд тэрхүү зурагтаа ажиллуулахын тулд антен босгохоос эхлээд маш олон хөгжилтэй зүйлийг туулдаг. Энэ киног та бүхэн заавал ирж үзээрэй” хэмээн уриаллаа.
“Би нар” киноны уран бүтээлчид “хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлж байсан бөгөөд уг киноны гол дүрд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалын хүү Ө.Итгэл болон залуу жүжигчин Л.Шинэзул, Ж.Ирмүүн нар тогложээ.