НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бизли барууны хөрөнгө оруулагч орнууд болон АНУ-ын эрх баригчдад хандан улс төрийн зорилгоо хойш тавьж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн амь насыг хамгаалахыг уриалжээ. Хэдийгээр Ким Жон Ун, Дональд Трамп нарын хэлэлцээр гацаанд орсон ч эдийн засгийн хоригоос урьтаж хүүхдүүдэд хүнс тэжээлийн тусламж хүргэхийг тэрээр хүссэн байна.
Дэвид Бизли нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийг тэргүүлэхээсээ өмнө Өмнөд Каролина мужийн захирагчаар Бүгд найрамдах намаас сонгогдон ажиллаж байсан юм.
Өнгөрсөн жил Умард Солонгост болсон үер, ган гачиг зэрэг байгалийн гамшгаас үүдэлтэйгээр үр тариа, цагаан будаа, төмс, шар буурцгийн шош зэрэг 1,4 тн хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрлээд байна. Улсын нийт хүн амын 40 хувь нь буюу 11 сая иргэн хагас өлсгөлөн байнгын хүнс тэжээлийн хомсдолд орсон, таван хүүхэд тутмын нэг нь тэжээлийн дутагдлаас болж өсөлт нь зогссон гэж НҮБ мэдээлжээ.
Дэвид Бизли: “Бид энэ жилийн зургадугаар сар гэхэд яаралтай арга хэмжээ авахгүй бол хүүхдүүдэд маш хүндээр тусах болно. Орос 50,000 метр тн үр тарианы тусламж үзүүлээд байна. Хятад ч мөн тэдэнд тусалж байна. Харин барууны хөрөнгө оруулагч орнууд тусламж дэмжлэг үзүүлж, хүн бүр нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Умард Солонгосын төрийн дэглэмд дэмжлэг үзүүлж буй хэрэг биш юм. Яг одоо үүссэн нөхцөл байдалд улс төрчдөөс болж гэм зэмгүй хүүхдүүдийг хохироох ёсгүй”
Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалтаар талууд харилцан ойлголцолд хүрээгүйгээс эдийн засгийн хориг хэвээр үлдсэн. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай илэн далангүй ярилцсан гэдгээ нэмж дурдсан байна.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө 1990-ээд онд Умард Солонгост өлсгөлөнгөөр нэг сая иргэн буюу хүн амын таван хувь нь амиа алдаж байсан гашуун түүх бий. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн судалгаагаар дэлхий даяар 100 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа нь гурван жилийн өмнөхөөс 20 саяар нэмэгджээ.
Эх сурвалж: www.theguardian.com