СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-05

Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн хуулийг гурав болгох хаврын чуулган

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Цэнд-Аюуш

УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаа дуусч, долоо дахь парламентын зургаа дахь чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд олон баяр дараалан болсон ч улс төр төдийлөн нам гүм байсангүй. Ээлжит бус чуулган хуралдуулж, Татварын багц хуулийн төсөл, тендерийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг батлав.

Хамгийн дуулиантай нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтийн явцад эрүүдэн шүүлт явуулсан гэх бичлэгтэй холбогдуулан хуулийн байгууллагуудын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслүүдийг баталсан нь байлаа.

Ийнхүү хууль шүүхийн байгууллагыг хараат болгосон, болгоогүй гэж маргах явцад Оюутолгойн далд уурхайн гэрээг цуцлах эсэх, “Стандарт” банкинд 115 сая ам.долларын төлбөр төлөх бичиг Засгийн газарт ирсэн гэх дуулиан гараад амжив. Ерөнхийдөө чуулганы завсарлагааны хугацаа улс төрийн өрнөл ихтэй болж өнгөрлөө.

Тэгвэл энэ хаврын чуулганы өрнөл Үндсэн хуулийн өөрчлөлт, гурван шатны сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтүүдээр үргэлжлэх нь. Тодруулбал, хаврын чуулганаар 30 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр баталсан. Онцолбол, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг дурдаж болно. Ингээд хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хүргэе.

ХАВРЫН ЧУУЛГАНЫ ГОЛ ХҮЛЭЭЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

. Олон жил ярьж, хэдэнтээ санаачилсан ч хэлэлцүүлгийн шатанд хүрч амжилгүй намждаг байсан уг хуулийн төслийг энэ удаа орон даяар хэлэлцүүлэн, нийтлэг саналыг нь тусгаж, 67 гишүүний дэмжлэг авсан гэдгээрээ онцлог. Энэ хэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг шуурхайлан батлах нь гэж харагдсан ч улс төрийн нөхцөл байдал, эрх баригчдын зөрчлөөс үүдэн дөрвөн чуулган дамжуулан хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад байгаа. Харин энэ удаа хуулийн төслийг гардан боловсруулсан ажлын хэсгийн гишүүний нэг Г.Занданшатар УИХын дарга болохдоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэх өндөр магадлалтай юм. 

байна.

Тухайлбал, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт голчлон чиглэсэн байна. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс өөрийн биеэр санал хураалтад оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн УИХ-ын гишүүний насны доод хязгаарын босгыг өндөрсгөж, 30 болгохоор төсөлд тусгасан байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн нэг хэмээгддэг давхар дээлний асуудлыг гуравны нэгээр хязгаарлах, ээлжит чуулган 50 хоног хуралдаж байгааг 75 болгох, УИХ үүргээ биелүүлж чадахгүй бол тарах зэрэг заалтуудыг тусгасан аж. Түүнчлэн Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх байдлаар тусгажээ. Ингэснээр шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохын зэрэгцээ шүүх нь засаглалынхаа хувьд аль ч институцээс хараат бус бие даасан байхаар зохицуулалт оруулсан байна.

Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын гажуудлаа засах шаардлагатайг улстөрчид төдийгүй эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Гэхдээ өргөн барьсан хуулийн төслийн олон өөрчлөлтийг нэг дор биш, чухал зохицуулалтуудаа эхлээд хийх санал ч УИХ-ын гишүүдээс гарч байгаа юм. Харин хуулийг хэрхэн өөрчилж, батлахыг хаврын чуулганаас харах л үлдлээ.

СОНГУУЛИЙН ГУРВАН ХУУЛЬТАЙ БОЛНО

Өмнөх парламентын үед гурван шатны сонгуулийн хуулийг нэгтгэн нэг хууль болгосон бол энэ удаа буцааж гурав болгохоор хуулийн төсөл боловсруулжээ. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах нь дутагдалтай байсан учир УИХ-ын даргын захирамжаар тусдаа гурван хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг байгуулсан юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Сонгуулийн хууль дөрвөн жилээр өөрчлөгддөг байдлыг л халъя гэж байгаа юм. Өмнө нь сонгууль эхлэхээс зургаан сарын өмнө сонгуулийн хуульд гар хүрэхгүй байх дархлаатай байсан.

Харамсалтай нь,. Мөн сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзаж үзэхээр зохицуулж өгсөн. Мөн шилжилт хөдөлгөөн буюу “царцаа”-ны асуудал байна. Тойрог жижгэрсэн үед тухайн тойрогт байгаа сонгуульд санал өгөх насны иргэдийнх нь 20 хувьтай тэнцэх хэмжээний шилжилт хөдөлгөөн хийж байсан. 2000, 3000 “царцаа” нүүж байсан тохиолдол бий. Энэ шилжилт хөдөлгөөнийг цэгцэлж байгаа. Зөвхөн албан томилолт болон эрүүл мэндийн шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийх зэргээр урд өмнө нь гарч байсан гашуун сургамжуудыг нэг тийш нь болгохоор зорьж байна. Хэвлэл мэдээллийн сурталчилгаа, олон нийтийн сүлжээ зэрэг асуудлыг сонгуулийн үед хэрхэн ашиглах тухай, хариуцлага алдсан хүмүүст хэрхэн хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтуудыг хийнэ” гэсэн юм.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигч тодорхой хэмжээний мөнгийг дэнчин хэлбэрээр дансанд байршуулах, хэрэв нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд хууль бус сурталчилгаа явуулж, зөрчил гаргаагүй бол мөнгийг буцаан олгох, бусад тохиолдолд дэнчинг улсын орлого болгох зэрэг зохицуулалтыг хуульд заавал оруулах ёстойг уламжилжээ. Мөн УИХ-ын гишүүнээр 30 нас хүрсэн хүнийг сонгох, сурталчилгааны хугацаанд интернэт орчинд хувийн сэтгэгдэл бичихийг хориглох, бусадтай хуваалцах, сэтгэгдэл бичих боломжгүй тохиргоогоор сурталчилгаа хийх зэрэг санал оруулсан аж.

БОДЛОГЫН НАМЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

Улс төрийн намуудын үйл ажиллагааг сайжруулж, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлага үүссэнийг үе үеийн улс төрчид төдийгүй эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймээс ч том, жижиг гэлтгүй намууд бодлогын нам болон төлөвшихөөр эрмэлзэж буйгаа илэрхийлсээр ирсэн. Харин бодит байдал дээр эсрэгээрээ байгааг нэгэн судалгаанаас харж болохоор байна. Тодруулбал, “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс хийсэн судалгаагаар улс төрийн намын удирдлагуудад эрх мэдэл төвлөрдөг, намууд институц болж төлөвшиж чадаагүй, хандивлагчдын мөнгөөр гол эх үүсвэрээ болгодог, хандивлагчдынхаа барьцаанд орсон, дотоод ардчилалгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь намын санхүүжилтийг хянадаг механизм байхгүй, иргэний нийгмийн хяналт байхгүй, намууд санхүүжилтээ бүрэн мэдээлдэггүй зэрэгтэй холбоотой байна.

Тиймээс ч улс төрийн намын үйл ажиллагааг сайжруулж, бодлогын чанартай болгохын тулд УИХ-аас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Ингэхдээ сонгуулийн үед идэвхжиж, бусад үед сураггүй болдог жижиг намуудад ч ээлтэй байхаар хуулийн төслийг боловсруулж байгаагаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Тухайлбал, уг хуулийн төсөлд УИХ-д суудалгүй ч бусад сонгуульд амжилттай оролцсон намуудад төрөөс санхүүжилт олгох санал оруулж байгаа аж.

Гэхдээ намуудад УИХ-ын болон бусад сонгуульд нийт сонгогчдын нэг хувийн санал авах босго тогтоосон байна. Намын санхүүжилтийг одоо үйлчилж байгаа хуулиар гишүүд, дэмжигчдийн хандив, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болон төрийн санхүүжилтээс бүрдүүлдэг. Хэрвээ төрөөс санхүүжүүлдэг болбол намууд идэвхжихийн зэрэгцээ, тэднээс хариуцлага нэхэх боломж нээгдэнэ гэдгийг хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсгийнхэн хэлсэн. Харин намуудад ийм боломж олгохын зэрэгцээ санхүүжилтийг нь шилэн болгож, санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй бол татан буулгах арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ. Хуулийн төслийн өөр нэг өөрчлөлт нь бодлогын намыг төлөвшүүлэх үүднээс удирдлагуудын саналаар биш, иргэд, намын гишүүдийн саналаар сонгуульд нэр дэвшүүлэх тогтолцоог хуульчлах аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээ удирдлага нь бус жирийн гишүүдийн саналаар тодруулах гэнэ. Гэхдээ эдгээр нь ажлын хэсгийнхний санал бөгөөд УИХ-аар хэлэлцэх үед хэрхэн өөрчлөх нь одоо тодорхойгүй билээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.