Сүхбаатарын талбайд болж буй "ОНЦ ИХ ХУРАЛДАЙ" хэмээх эсэргүүцлийн жагсаалыг Ардчилсан намаас зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд тус намын гишүүд дэмжигчдээс гадна 21 аймгаас төлөөлж ирсэн Ардчилсан намын гишүүд оролцож байна. Мөн оюутнууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл жагсаалд оролцож байна
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид УИХ, Засгийн газрыг тарахыг шаардаж байна. Мөн ЖДҮХС-аас албан тушаалын давуу байдлаа урвуулан зээл авсан улс төрчид, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж байгаа аж.
УИХ-ыг яаралтай горимоор хуралдаж ард түмнээ өрийн дарамтаас салгахыг дөнгөж сая шаардлаа.
Жагсагчид "ЖДҮ хулгайчид", "60 тэрбумын УИХ тар", "Барьцаанд орсон УИХ тар" "Амлалтаа биелүүлээгүй УИХ тар", "Иргэдийн боломжийг хулгайлсан УИХ тар" гэх мэт уриа лоозон барьжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Эрх зүйн чадамжгүй УИХ-ыг нэн яаралтай тараах ёстой гэж манай нам үзэж байна. Үүний дараа нөхөн сонгууль явуулж олон түмний хүссэн парламент бүрдэх ёстой. Жагсагчдын хамгийн эцсийн зорилго бол авилгалд идэгдсэн энэ парламентийг тараах шаардлага юм" гэлээ.
УИХ-ын гишүүн асан Н.Түвдэндорж "Яагаад манай ард түмэн, олон нийт УИХ-ыг тараах шаардлагыг хүргүүлж байна гэхээр энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болчихсон байна. УИХ-ын 60 шахам гишүүн жирийн иргэдийн авах ёстой "Жижиг дунд үйлдвэрхлэлийг хөгжүүлэх сан"-ийн зээлийг улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан авчихсан байна. Өөрсдөө гуравхан хувийн хүүтэй зээл авчихаад эргээд ард түмэндээ 10-15 хувиар зээл олгож мөнгө хүүлж байна. Ийм юм байж болохгүй" гэлээ.
Ардчилсан намын гишүүн Б.Баттулга "Ардчиллын амин сүнс болох Үндсэн хуульд хууль зөрчин гар хүрсэн буруутан нь өнөөгийн УИХ. Үнэхээр энэ улсын төсвөөс хумсалсан гишүүддээ яагаад хариуцлага тооцож чадахгүй байна. Ийм ёс суртахуунгүй 49 гишүүн улсын төсвийг батлах эрхгүй шүү дээ. Цаашдаа энэ УИХ-д хууль батлаад явах ёс суртахуун байхгүй. Иймд энэ парламент тарах ёстой. Өнөөдрийн жагсаалаас харвал ард түмэн энэ шаардлагыг дэмжиж байна." гэлээ.