Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж
2016 онд Оросын зарим нэгэн сайтад банкны хадгаламжийн хамгийн өндөр хүүтэй таван орны талаар нийтлэл гарсан юм. Тус нийтлэлийн утгыг сийрүүлэн хүргэж байна. Ганц, хоёр өгүүлбэрээр бүхэл бүтэн улс орны эдийн засгийг дүгнэж болохгүй боловч банк санхүүгийн тогтолцооны бодит байдлыг хадгаламжийн болон зээлийн хүүгийн хэмжээ харуулж чадна.
Дэлхий нийтэд эдийн засгийн хөгжлөөрөө эрс хоцордог эсвэл дайн самуунтай арав гаруй улсын банкны зээлийн хүү нь 20 хувиас давсан байдаг. Харин энэ жагсаалтад нэг хүнд оногдох байгалийн баялгийн нөөц, газар нутгаараа дэлхийд тэргүүлэгч Монгол Улс аман хүзүүдсэн нь харамсалтай.
Банкны зээлийн хүүг зардал талаас нь үзвэл хадгаламжийн хүүгийн болон үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл гэсэн гурван үзүүлэлт бий. Хадгаламж эзэмшигчдэд төлдөг хүү нийт зардлын дийлэнхийг эзэлдэг. Хадгаламжийн хүү өндөр байна гэдэг зээлийн хүү өндөр байгааг илтгэх үзүүлэлт юм.
Та өөрт байгаа мөнгөө ямар нэгэн бизнес хийж элдэв эрсдэлд өртүүлэхгүйгээр банкаар дамжуулан цэвэр ашиг олох талаар бодож байв уу? Тэгвэл танд дэлхийн хамгийн өндөр хүүтэй хадгаламж санал болгодог улсын банк олоход тань туслах мэдээлэл хүргэе. Хадгаламжийн хамгийн өндөр хүүтэй банкуудын жагсаалтыг тэргүүлсэн таван улсыг танилцуулж байна. Эдгээр улс оронд хадгаламжийн хүүгийн хэмжээ 20 хувь хүрэх нь энгийн үзэгдэл. Гэвч “Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг” гэх зүйр үгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Эдгээр улсын банк санхүүгийн тогтолцоо нь тогтворгүй, үндэсний валютын ханш нь огцом хэлбэлздэгээс гадна хадгаламжаа ч буцааж авч чадахгүй алдах эрсдэл бий гэдгийг анхааруулж байна.
Хөгжиж буй орнууд гадаад валют, хөрөнгө оруулалт татах, ашиг олохын тулд “маш сонирхолтой” санал тавьж болох хэдий ч, та эцсийн шийдвэрээ гаргахдаа аливаа эрсдэлийг урьдчилан сайтар тооцож, эрүүл ухаанаар үнэлж дүгнэх шаардлагатай.
5 байр - Турк
Туркийн банкууд гадны хөрөнгө оруулалт, гадаад валютыг татах зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгт болох лир-ийн хадгаламждаа маш өндөр хүү амладаг. Гэвч тус улсын банк, санхүүгийн тогтолцоо тогтвортой биш учраас гадаад валютын урсгал нэмэгдэхгүй, харин тодорхой хэмжээнд хүрээд зогсох магадлалтай байгаа талаар шинжээчид таамаглал дэвшүүлдэг. Энэ нь турк лир-ийн ханш унаж, тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэх анхааруулга дохио гэж хэлж болно. Өмнө нь ч тус улсын лир-ийн ханш огцом унаж байсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ.
Туркийн банкны хадгаламжийг казинотой зүйрлэж болно. Энэ нь ашиг олох, алдах ч боломжтой гэсэн үг. Турк лир-ийн онлайн хадгаламж жилийн 10 хувь, ердийн хадгаламж 8-9 хувийн ашиг олох боломжтой. Турк улсад олон улсын томоохон банкууд орон зайгаа хангалттай эзэлсэн хэдий ч тэдгээр банкуудын үйл ажиллагаа Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт лир-ийн ханш унавал тогтоож, нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна.
4 байр - Уганда
Бүгд Найрамдах Уганда Улс нь Дорно Африкт орших далайд гарцгүй улс юм. Тус улс зэс, кобальт, ниобий, алт, вольфрам зэрэг байгалийн баялаг ихтэй боловч иргэдийнх нь амьдрал туйлын хүнд. Дотоод, гадаадын дайн самуунд туйлдсан эдийн засагтай орон. Сахарын өмнөд хэсэгт орших энэхүү буурай хөгжилтэй улсын үндэсний мөнгөн тэмдэгт нь шиллинг (Uganda shilling). Шиллингийн хадгаламж жилийн 12 хувийн хүүтэй.
Тус улсын банкны салбарт гадаадын банкууд үйл ажиллагаа явуулдаг. “Барода” нэртэй банкаар жишээ авъя. Энэ банк, тус улсад үйл ажиллагаа явуулдаг Энэтхэг улсын банк бөгөөд Шинэ Зеланд зэрэг орнуудад салбаруудтай ажээ. Тус банкинд ам.долларын данс нээхэд жилийн 2.5 хувь хүү төлнө. Уганда улсад бусад улсын хөрвөх валют болон ам.доллараар хадгаламж нээх боломжтой. Гэвч Уганда шиллингийн хадгаламжийг бодвол тав дахин бага хүүтэй. Тус улсын санхүүгийн тогтолцоо туйлын тогтворгүй, авилгын түвшин өндөр зэрэг сөрөг зүйл олныг тоочиж болно.
3 байр - Бангладеш
1947 онд Бенгал, Энэтхэгээс салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэгт өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн өрнөснөөр 1971 онд бие даажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хүнсний хомстол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд байнга өрнөж байдаг билээ. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээсэн гэж үздэг. Бангладеш нь дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч ялгаагүй өндөр юм. Хэдэн жилийн өмнө тус улсад үйлдвэрлэлийн аюулгүй байдлын дүрэм, журмыг мөрдөөгүйгээс 1000 гаруй нэхмэлийн үйлдвэрийн ажилчид нэг дор үйлдвэрийн барилгадаа дарагдаж нас баржээ. Ийм хүнд нөхцөл байдал өнөөдөр ч үргэлжилж байгаа. Үйлдвэрийн ажилчид амь насаараа дэнчин тавьж, сард 125 ам.долларын цалин авдгаа азтайд тооцно.
Бангладеш улсад банкууд гаднаас хадгаламж татахын тулд бүхий л арга саамыг туршдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт така/taka/-гийн хадгаламж жилийн 12 хувийн хүүтэй. Дотоодын банкууд 1000 ам.доллар, түүнээс дээш валютын дансыг ямар нэг чирэгдэлгүйгээр шууд нээдэг. Санхүүгийн салбарт нь гадаадын томоохон банкууд үйл ажиллагаа явуулдаг боловч үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь огцом савалгаатай байдаг.
2 байр - Монгол
Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан үе бий. 2011 оны үед дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний үнэ ханш огцом өсөхөд Монгол Улсын ДНБ-ний өсөлт 17 хувьд хүрч, дэлхийг гайхшруулж байжээ. Шинээр ашигт малтмалын орд газрууд нээж, Хятад, Солонгос, Япон, Орос зэрэг хөгжилтэй улс орнуудад эрдэс баялгаа нийлүүлснээр бүс нутагтаа хамгийн баян орны нэг болох боломж байсан юм.
Гэвч улс төрийн популизм, хүний нөөцийн хомстол зэрэг олон шалтгаан тус улсын хөгжлийн замд нь саад болсоор иржээ. Жил хагасын хугацаанд Монголын үндэсний мөнгөн тэмдэгт “төгрөг” 50 хувиар суларч байжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ ч огцом багасаж байв.
Монголд гадаадын хөрөнгө оруулагчид жилд 16.1 хувийн ашиг банкны хадгаламжаар дамжуулан олох боломжтой. 30 хоногийн хугацаатай хадгаламжид 8 хүртэл хувийн ашиг амлаж байсан таатай үе ч байжээ.
Монголын банкны тогтолцоо харьцангуй тогтвортой, хөрвөх чадвар сайтай гэж тооцогддог боловч үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унах магадлал маш өндөр. Гэсэн хэдий ч Монголын банкууд ам.долларын хадгаламжид жилийн 6-7 хувийн хүү, эсвэл юанийн хадгаламжид жилийн гурван хувийн хүү олгож байгаа ажээ.
1 байр - Украин
Дэлхийн улс орнуудын банкны хадгаламжийн хамгийн өндөр хүүг Украины банкууд амлаж байна. Гурван сарын хугацаанд хадгалуулсан хадгаламж 20 хувиар өсөх боломжтой.
Гэвч энд хоёр асуудлыг онцолж анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт: Украины банкууд мөнгө угаах гэмт хэрэгт орооцолдсон хар түүхтэй. Хэрэв таны мөнгөө хадгалуулсан банкийг гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн худалдаж авбал та хэчнээн ам.доллар хадгалуулснаа мартах хэрэгтэй болно.
Хоёрдугаарт: дотоодын мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унах нь бараг тодорхой байдаг гэж хэлж болно. Тухайлбал, бүтэн жил хагасын хугацаанд Украины үндэсний мөнгөн тэмдэгт болох гривены ам.доллартой харьцах харьцаа гурав дахин унаж байв. Гривен 8 ам.доллартой тэнцэж байснаа 21 болж суларсан бөгөөд 30 гривен хүрсэн тохиолдол ч бий. Украинд банкны тогтолцоо тогтворгүйн дээр үндэсний валют гривены ханшийг хамгаалах механизм бүрдээгүй, мөн улс төрийн гадаад, дотоод байдал туйлын тогтворгүй байгаа билээ.