Билгийн тооллын 30 буюу өнөөдөр ханш нээнэ.
Зурхайд өгүүлсээр бол өнөөдөр 10:00 цагт ханш нээгдэнэ гэж бичжээ. Энэ өдрөөс хахир өвөл цагт хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл эхэлдэг аж.
Бурхны шашинтай ард түмэн ханш нээх өдрийг "дэлгэрч дээшлэх өдөр" хэмээн бэлгэшээдэг. Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлгэшээдэг.
Харин бурхны шашинтай Азийн ихэнх улс орнууд энэ өдрөөр нас барсан ойр тойрны хүмүүсийнхээ газрыг эргэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Тухайлбал ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлвал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.