Амазон компанийн нийт хөрөнгийн 143 тэрбум ам.долларыг эзэмшиж байсан дэлхийн хамгийн баян хос Жеф болон МакКензи Безос нар өнгөрсөн нэгдүгээр сард салах тухайгаа мэдэгдсэн. Уг мэдэгдлээс хойш дэлхийн хамгийн баян гэр бүл ямар нөхцөлтэйгээр өрх тусгаарлаж, хөрөнгөө хуваах бол гэсэн асуулт олны сонирхлыг татсаар байсан юм.
Безосын гэр бүл пүрэв гарагт хөрөнгөө хэрхэн хувааснаа олон нийтэд зарласан байна. Амазон жижиглэн худалдааны бизнесийг дэлхийн хамгийн том цахим худалдааны төв болтол нь хөгжүүлэхэд тэд 25 жилийн амьдралаа зориулсан юм. МакКензи Безос Амазонд хуучин нөхөртэйгээ хамтран эзэмшдэг байсан хувьцааныхаа 25 хувь буюу 36 тэрбум ам.долларыг авахаа мэдэгджээ. Ингэснээр МакКензи дэлхийн гуравдахь чинээлэг эмэгтэй болж байна. Дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр L’Oreal гоо сайхны брэндийн өв залгамжлагч Беттенкөрт Мэйрс 45 тэрбум ам.долларын хөрөнгөөр нэрлэгджээ.
Жеф Безос дэлхийн хамгийн баян эр хэвээр үлдэж байна
МакКензи өнгөрсөн хугацаанд хамтран эзэмшиж байсан Вашингтон Пост, сансрын аяллын Блю Орижин компаниудыг нөхөртөө үлдээж, Амазонд санал өгөх эрхээ ч мөн дөрвөн хүүхдийнхээ эцэгт үлдээх шийдвэрийг гаргажээ. Безосын гэр бүлийн салалтаас өмнө урлагийн бүтээл наймаалагч Алек Вайлденштэйн түүний гэргий Жослен нар 3,8 тэрбум ам.долларн тохиролцоогоор салж байсан нь дэлхийн хамгий үнэтэй салалтад тооцогдож байжээ.
МакКензи: “Намайг Жефтэй гэрлэлтээ дуусгах хүртэл хамт байж дэмжиж байсан та бүхэнд баярлалаа. Бид хойшид эцэг эх, найзуудын түвшинд холбоо харилцаатай үлдэх болно. Вашингтон Пост болон Блю Орижин компаниуд, Амазоны 75 хувийн хувьцаа, санал өгөх эрхээ түүнд үлдээж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж цахим хуудсандаа мэдээлжээ.
Жеф Безос телевизийн шоуны хөтлөгч Лаурен Санчезтай дотно харилцаатай гэдэг нь ил тод болсноор дэлхийн хамгийн баян гэр бүлийн 25 жилийн хамтын амьдрал төгсгөл болсон юм.
Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com