Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь хоёроос дээш цагаар интернэт хэрэглэж байна. Түүнчлэн арван хүүхэд тутмын найм нь зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авч, таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүний хаягийг бүртгэн, фэйсбүүк, цахим орчноос ёс бус агуулгатай зурвас хүлээн авдаг аж.
Иймд хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл мөлжлөгт өртөх бодит эрсдэлд өртөж байгаа юм. Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна. Иймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.
Өсвөр үе ба цахим хэрэглээ судалгаанд 11-17 насны 2240 хүүхэд хамрагдсан бөгөөд 92 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн байна. Европт 25 залуугийн нэг нь интернэтэд холбогдоогүй, Африк тивд таван залуу тутмын гурван нь холбогдоогүй бол манай улсын хувьд 92 хувьтай байгаа нь интернэт хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Иймээс ч Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч авах, зөвшөөрөлгүй байршуулах зэрэг гэмт хэргийн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм.
ГЭМТ ХЭРГИЙН 82 ХУВЬ НЬ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.
-Хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байна вэ?
-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нийт гэмт хэрэгтэй шууд холбоотой байгаа. Манай улсын ерөнхий боловсролын сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Интернэт хэрэглээг зүй зохистой хэрэглэхгүй бол цахим гэмт хэрэгт холбогдож байна. Сурагчдын хувьд анги, сургууль, хамаатан садан гээд 100-200 хүнтэй найз байдаг бол одоо цахим орчинд 3000 орчим найзтай байж байна. Жишээлбэл, нэг залуу 200 гаруй охинтой удаан хугацаанд мессэж бичин нүцгэн зургийг нь аван эргээд барьцаалсан тохиолдол гарсан. Үүнийг эцэг, эх нь мэдээгүй улмаас тэдгээр охид дарамт шахалтанд орон хаана хандахаа мэдэхгүй хохирсон байсан.
-Цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ, ийм гэмт хэрэгт холбогдсон бол хаана хандах вэ?
-Хүүхдийн хамгаалах таван арга хэмжээ байдаг юм. Цахим орчин, гэр бүлийн орчин, боловсрол, олон нийтийн арга хэмжээнд ялангуяа гэр бүл хамгийн чухал оролцоотой байх хэрэгтэй.
Улсын хэмжээнд хүүхдэд тохиолдсон гэмт хэргийн гаралт 2018 оны байдлаар 16 хувиар өссөн явж байгаа. Иймд аль аль шатандаа хүүхэд хамгааллын ажил дутмаг байна гэж дүгнэхээр байна. Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалал болон урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авч байгаа. Хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 31 хувиар буурсан нь бид нарын ажил тодорхой үр дүнд хүрсэн байгаа юм. Нийт гэмт хэргийн 82 хувь нь хүүхдийн эсрэг үйлдэж байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Ерөнхийдөө насанд хүрэгчид хүүхдийг хохироон хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Иймээс иргэдийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй.
ХАМТДАА БИД ИЛҮҮ САЙН ХАМГААЛНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс дараах тайлбарыг өглөө.
-Олон улсад цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл хурцаар тавигдаж байгаа. Энэ асуудал бол Монголд бас адилхан сорилттой тулгарч байна. НҮБ-ын Хүүхдийн сан хамтдаа бид илүү сайн хамгаална гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Зохисгүй агуулга бүхий контент хүүхдэд хүрэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж хаах асуудал байгаа. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газар, хууль хяналт, хувийн хэвшлийн байгууллагын бүх талын оролцоотойгоор үр дүнтэй шийдвэрлэхээр ажиллах болно. Гурван жилийн хугацаанд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга барилтай болно гэдэгт найдаж байна.
ХҮҮХДИЙН ГАР УТАСНЫ ДУГААРЫГ БҮРТГЭЖҮҮЛЭХЭЭР БОЛСОН
ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын интернетэд суурилсан үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Батболдтой ярилцлаа.
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хийсэн судалгаагаар гар утас хэрэглэж байгаа хүүхдүүдийн 34 хувь нь өөрийн нэр дээр бүртгүүлээгүй дугаар хэрэглэж байгаа юм. Иймд Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэдээлэл технологийн газар, Харилцаа холбоо зохицуулах газар, үүрэн холбооны оператар компаниудтай хамтран ажлын хэсэг байгуулан хүүхдийн дугаарыг бүртгэжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Хүүхдийн дугаарыг бүртгэснээр үүрэн холбооны оператор компаниудтай хамтран интернэт ороход +18 шүүлтүүртэй байх бүрэн боломжтой. Харилцаа холбооны зохицуулах хороо нь зүй бус агуулгатай зүйлс нийтэлсэн бол хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгээр технологийн дагуу хаах арга хэмжээ авдаг. Ерөнхий боловсролын 592 мянган сурагч гар утастай бөгөөд үүнээс 252 мянган нь ухаалаг утас хэрэглэдэг. Иймээс цахим орчин дахь хэрэглээг зохицуулсан хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох шаардлагатай. Эцэг, эхчүүдийн хувьд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдийнхээ гар утсанд шүүлтүүртэй программыг суулгаснаар зохисгүй агуулга бүхий мэдээллийг үзэх боломжгүй болгож болно.
Сэтгүүлч:Т.Сайнбуян