СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн тамгын газарт жагсагчид үймээн үүсгэлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Энэ мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд өнөөдөр 17 цагт очиж ажилласан юм. 

Биднийг очиход Баянзүрх дүүргийн тамгын газрын байрны нэг давхарт уриа лоозон барьсан 200 гаруй иргэн үймээн үүсгэж, хашхиралдаж байв. Жагсагчид “Хууль бус дахин сонгуулийг хүчингүй болго”, “АН-22 ялсан, МАН-19 ялагдсан” гэх мэт уриа лоозон барьж, хаалгаар орж ирсэн хүмүүс рүү зайл, далд орцгоо, дээрэмчид хэмээн хашхиралдаж байв.

Жагсагчдын төлөөлөл болох Баянзүрх дүүргийн иргэн н.Ган-Эрдэнээс эсэргүүцлийн жагсаалын шалтгааныг тодруулахад,

“2016 оны Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд АН нам 22, МАН 19 хүний суудал авч ялалт байгуулсан. Харамсалтай нь сонгуулийн хэсгийн хорооноос долоон тогтоол гаргаж хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгуулсан. Ингээд хууль бусаар дахин сонгууль зохион байгуулж мөнгө тарааж ялалт байгуулангуутаа НИТХ-ын хурлын танхимд хууль бус хуралдаан зохион байгуулан Э.Бат-Амгалан гэдэг хүнийг засаг даргаар томилж, түүнийгээ хууль бус тамгаар тамгалж албажуулсан. Үүнийг нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан батламжилсан. Монголчуудыг мөнгөөр худалдан авч болдог юм байна. Юу ч хийж болдог юм байна гэдгийг эсэргүүцэж энд ирсэн. Би АН-ын намын үүрийн гишүүн хүн. Намайг өнөөдөр ир гэж дуудахаар нь ирлээ” гэв.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын үүдэнд зогсож байсан БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч н.Цэвэгмидээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мөн тодрууллаа.

Тэрээр,

“Баянзүрх дүүргийн хоёр тойрогт дахин сонгууль явуулахад МАН-аас нэр дэвшсэн хоёр хүн ялалт байгуулснаар МАН олонх болж, засаглах эрхтэй болсон. Ингээд ИТХ-ын ээлжит хуралдааныг зохион байгуулж Засаг даргаар Э.Бат-Амгаланг сонгосныг Нийслэлийн Засаг дарга батламжилсан. Ингээд шинэ Засаг дарга маань ажлаа хүлээн авахаар ирэхэд АН-ын гишүүд дэмжигчид, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулж Тамгын газрыг эзэлчихээд долоо хонож байна. Баянзүрх дүүргийн ЗДТГ болон хороодын ажил долоо хоног зогсож иргэдийг ихээр чирэгдүүлж байна” гэсэн юм.

 

Тухайлбал,  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа

“Би 120 гаруй эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөрийнхөө ТББ-ын байранд байрлуулж тэжээн тэтгэдэг. Тэдгээр хүмүүст төрийн зарим үйлчилгээг авахын тулд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын нийгмийн халамжийн хэлтсээс ганц хуудас албан бичиг авах шаардлагатай байдаг юм. Гэвч эдгээр хүмүүсийн жагсаалаас үүдэн би тэр бичгийг авч чадахгүй байна. Эд нарын хэн ялж, хэн ялагдах нь надад хамаагүй. Харин би төрийн үйлчилгээг яаралтай авч өөрийнхөө асрамжид байгаа хүмүүст тусламж үзүүлж чадахгүй байгаагаас бухимдаж байна” гэсэн юм.

Биднийг 18:30 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас явах үед жагсаал цуглаан үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд жагсагчид үе үе хоорондоо гар зөрүүлж, нэг нэг рүүгээ цаас шидэлж хашхиралдан хэрэлдсээр үлдсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.