Өнгөрсөн онд шатахууны актон тоондоо хүрэхгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, улмаар хуурамч шатахуун хэрэглээнд нэвтэрсэн гэх мэдээлэл цацагдсан. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс хэд хэдэн өргөх бичиг барьсны эцэст Ерөнхий сайд захирамж гарган хуурамч шатахууныг таслан зогсоох талаар Ажлын хэсэг байгуулсан билээ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай ажлын хэсгийн ажлын явцын талаар “Халуун сэдэв” буландаа урин ярилцсан юм.
-Хэдэн удаа өргөх бичиг барьсны эцэст ажлын хэсэг байгуулсан бэ?
-Манай холбоо 2018 оны дөрөвдүгээр сард хуурамч шатахууны талаар олон нийтэд анх мэдээлэл хүргэсэн. Тухайн үед төрийн болон бизнес эрхлэгчдээс маш их шахалт дарамт ирж байсан. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 5-6 удаа хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайдад 25, Ерөнхийлөгчдөд 10, УИХ-ын даргад 12 удаа албан бичиг өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид нарын хүсэлтийг хүлээн авч, 2018 оны арванхоёрдугаар сард захирамж гарган Ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин удирдаж, холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан байгаа. Шадар сайд Ө.Энхтүвшин хуурамч шатахууныг Монголд таслан зогсоох, хууль дүрэм журмыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй хэмээн үүрэг өгсөн.
Усан онгоцны түлшийг манай улс маш их хэмжээгээр импортоор оруулж ирж байна. Уг түлшийг ОХУ болон бусад орнуудад хэрэглэхээ больсон
-Тэгэхээр Монгол Улсад хуурамч шатахуун борлуулж байгааг Засгийн газраас тогтоосон гэж ойлгож болох уу?
-Манай холбоо болон мэргэжлийн байгууллагууд хуурамч шатахуун борлуулж байгааг тогтоосон. Монгол Улсад үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй найман компаниас 3-4 үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс нефть үйлдвэрлэдэггүй гэдэг ч цаасан дээр гэрчилгээ нь гарчихсан нефтийн үйлдвэрүүд байна. Манай улсад стандартын шаардлага хангадаг шатахуун орж ирдэг ч нефтийн нэмэлт бодисуудыг оруулж ирэн шатахуун үйлдвэрлэн борлуулж байгаа юм. Статистикийн албан бус мэдээгээр өнгөрсөн онд 102 компани шатахуун, нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хэмээн нийт 260 мянга гаруй тонныг импортоор оруулж ирсэн. Өнөөдөр дээрх бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авсан бол улсын төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрөх байжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин хуурамч шатахууныг Монголд таслан зогсоох, хууль дүрэм журмыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх хэрэгтэй хэмээн үүрэг өгсөн
-Нэг шатахуун хуурамч байна гээд бүх шатахууны онцгой албан татварыг нэмэх болж байна уу хэмээн Сангийн сайд дурдсан байсан?
-Төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байна. Сангийн сайдын хувьд ойлголтын зөрүү явж байгаа болов уу хэмээн ойлгож байгаа. 2012 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор нефтийн нэмэлт 22 бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэсэн байдаг. Уг тогтоолыг эргэн харж, нефтийн нэмэлт 22 бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоохыг манай холбооноос хүсэж байгаа юм. Дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглаж байгаа компаниудад квот өгөөд татвараас чөлөөлчих, тэгэхээр стандартын шаардлага хангахгүй үйлдвэрийн бус аргаар хийж байгаа хуурамч шатахуун байхгүй болно.
-Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татварыг нэмэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд хуурамч бүтээгдэхүүний татвар нэмж зогсоодог гэдэгт би санал нийлэхгүй байна гэсэн?
-Улс тонн дизелийн түлшнээс 240 мянган төгрөгийн татвар авч байна. Онгоцны түлш болон нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд адилхан 240 мянган төгрөгийн татвар тавьчих юм бол үйлдвэрийн зардал гарган шатахуун үйлдвэрлэх үү, бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зарах уу. Чанарын хувьд бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зарах нь компаниудад ашигтай. Тэгэхээр нэмэлт бүтээгдэхүүний орж ирэх урсгал нь багасна. Усан онгоцны түлшийг манай улс маш их хэмжээгээр импортоор оруулж ирж байна. Уг түлшийг ОХУ болон бусад орнуудад хэрэглэхээ больсон. Усан онгоцны түлшинд хүхрийн хэмжээ 40 дээш хувийн агууламжтай гардаг. Хүхэр нь хавдар үүсгэдэг. Одоо Монгол Улсад автомашины утаанаас маш их утаа гарч байгаа нь дээрх усан онгоцны түлшийг шатахуунтай хольсон байх магадлалтай. Үүнээс болж иргэд хавдартай болох эрсдэл байна гэж харж байгаа.
-Манай улс жилд хэдэн тонн шатахуун хэрэглэдэг вэ, үүний хэдэн хувьд хуурамч шатахуун байна гэж үзэж байна вэ?
-Өнгөрсөн онд сая 860 мянган тонн шатахуун хэрэглэснээс 268 мянган тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирсэн.
-Уг оруулж ирсэн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээ юунд ашиглаж байна вэ?
-Газар асгаагүй нь тодорхой, түлш буюу бензин хоёрыг үйлдвэрлэж байгаа. Манай холбооны зүгээс үйлдвэрийн технологийн дагуу, чанар стандартад нийцсэн шатахуун үйлдвэрлэж байвал бид асуудалд оролцохгүй. Гэтэл үйлдвэрийн бус аргаар үйлдвэрлээд байгаа учраас энэ нь нийгэмд хортой байна. Үүнийг дагаад хэрэглэгчид хохирч байна. Хямдхан бензин хийгээд маргааш нь автомашиныхаа эд ангиар хохирч байна.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө БНСУ-д манай холбоо шиг холбоо байгуулагдсан тухайн үед тус улсад хуурамч шатахуун 50-60 хувьтай байсан бол одоо 5 хувьтай болсон байна лээ. Тэгэхээр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо тэдэн шиг ажиллаж тодорхой үр дүнд хүрч ажиллах болно.